Moderna, Pfizer вакцинуудын талаар худал мэдээлэл тарааж буй "Оросын эх сурвалжуудыг илрүүллээ" гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Нед Прайс мэдэгджээ. "Оросын тагнуулын байгууллагын удирдлага дор ажилладаг дөрвөн вэбсайт АНУ-ын Хүнс, эмийн газраас (FDA) батлагдсан коронавирусийн эсрэг вакцины талаар худал мэдээлэл тарааж байсан дөрвөн мэдээллийн сайтыг тогтоолоо. Орос улс уламжлалт аргаараа вакцины эсрэг худал мэдээлэл тарааснаараа хүмүүсийн амь нас, эүүл мэндийг эрсдэлд оруулж байна. Үүнийг манай “Global Engagement Сenter" олж тогтоосон” гэж Прайс хэллээ. Тэрбээр “New Eastern Outlook”, “Oriental Review”, “News Front”, “Rebel Inside” эдгээр англи хэл дээр гардаг Оросын сайтуудыг нэрлэжээ.
Өмнө нь Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки АНУ-д болон барууны орнуудад үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг вакцины талаарх ташаа мэдээллийг няцаах бүх арга, хэрэгслийг ашиглахаа мэдэгдсэн юм. Сэтгүүлчид түүнээс хуурамч мэдээллийн эсрэг авах арга хэмжээний талаар тодруулахад "Бид ямар ч аргаар хамаагүй буруу мэдээлэлтэй тэмцэх болно ... Вакцинууд (Moderna, Pfizer үйлдвэрлэсэн) аюулгүй, FDA баталсан" гэж Псаки хариулжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өөрийн зүгээс "Wall Street Journal" -д өгсөн ярилцлагадаа зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр барууны орнуудад үйлдвэрлэсэн COVID-19-ийн эсрэг вакциныг шүүмжилсэн нийтлэл гарахтай Оросын тусгай алба ямар ч холбоогүй гэжээ. "Энэ бол утгагүй зүйл. Оросын тусгай алба вакцины талаарх шүүмжлэлтэй ямар ч холбоогүй. Энэ бол утгагүй зүйл. Хэрэв бид Sputnik V-ийг шүүмжилсэн нийтлэл бүрийг Америкийн тусгай албаны ажлын үр дүн гэж үзвэл бид галзуурах биз. Эцсийн эцэст бид ийм шүүмжлэл агуулсан нийтлэлийг өдөр бүр, цаг тутамд барууны бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэж, уншиж байна шүү дээ" гэж тэрбээр хэлжээ.