Хөдөлмөрийн цагаачдын дөрөвний нэг орчим нь Канад улсад ажиллахыг илүүд үзэж байна. Тэрчлэн тэдэнд таатай нөхцөл бүрдсэн орнуудын тоонд АНУ, Австрали, Герман багтсаныг BCG болон “Network” компанийн хамтран явуулсан судалгааны дүн харуулжээ. Үүнд оролцогчдын 24 хувь нь хөдөлмөрийн цагаачдад хамгийн таатай орноор Канадыг сонгосон байна. Урьд нь 2014, 2018 онд явуулсан судалгаанд Канад улс гуравдугаарт жагссан аж. Тэр үед нэгдүгээрт бичигдсэн АНУ 2020 онд хоёрдугаарт жагсжээ.
Судалгаанд оролцогчдын 20 хувь нь ажил хийх зорилгоор шилжин суурьшихад таатай орноор АНУ-ыг сонгосон байна. Мөн Австралийг судалгаанд оролцогчдын 20, Германыг 19, Британи, Японыг 14 хувь нь илүүд үздэгээ илэрхийлжээ. Үүний сацуу ажиллах зорилгоор харийг зориход бэлэн байгаа хүмүүсийн тоог 2014, 2018 оныхтой харьцуулахад илэрхий багассан байна.