АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим цагдаагийн байгууллагад томоохон шинэчлэл хийх тухай хууль баталлаа. Үүнийг өнгөрсөн оны тавдугаар сард Миннеаполис хотод цагдаа нарт саатуулагдсаныхаа дараа амиа алдсан, АНУ-ын африк гаралтай иргэн Жорж Флойдын нэрээр нэрлэсэн байна. Конгрессын доод танхимын хэвлэлийн албанаас мэдээлснээр, уг хуулийг батлахыг 220 гишүүн дэмжсэн бол 212 хууль тогтоогч эсэргүүцжээ. Одоо үүнийг Сенатын танхимд хэлэлцэнэ. АНУ-ын Конгресс дахь Ардчилсан намынхан цагдаагийн байгууллагад томоохон шинэчлэл хийх тухай хуулийн төслийг өнгөрсөн оны зургадугаар сард танилцуулсан юм. Эл баримт бичигт хэв журам сахиулагчдыг боомилох арга хэрэглэхийг хориглох, цагдаагийн байгууллагын зөрчлийг хянах үндэсний мэдээллийн сан байгуулах, мөн зарим тохиолдолд анхааруулахгүйгээр байшин руу нэвтрэх зөвшөөрлийг цагдаа нарт өгөхийг хориглосон байна. Санал болгосон шинэчлэлийн хүрээнд сэжигтэнд хүч хэрэглэх, дур зоргоороо авирласных нь төлөө хэв журам сахиулах байгууллагын ажилтнуудад тооцох хариуцлага нэмэгдэх аж.