БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал өнөөдөр Бээжинд жил тутмын чуулганаа эхэлж, улсынхаа хөгжлийн шинэ стратегийг батална. Тус их хурлын гишүүд дэлхийд хоёрдугаарт бичигддэг эдийн засагтай улсаа 2025 он хүртэл хөгжүүлэх тэргүүлэх зорилтуудыг тодорхойлох 14 дэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах аж. Өрнөдийн орнуудтай хийж буй эдийн засаг, технологийн бүрэн хэмжээний өрсөлдөөний эриний анхны төлөвлөгөөг боловсруулагчид дотоодын хөгжлийг чухалчилжээ. Энэ нь хориг арга хэмжээ, гадаадын дарамт шахалтаас хамгаалах аж. Үүний сацуу тус улс дэлхийг тэргүүлэхээс татгалзахгүй, гол өрсөлдөгч АНУ-д алдсан орон зайгаа эгүүлэн олж авна хэмээн найдаж байна.
Өчигдөр парламенттайгаа зэрэгцэн ажилладаг Хятадын ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Бүх Хятадын хорооны хуралдаан эхэлжээ. Уг хуралдаан болон их хуралд 5000 орчим төлөөлөгч оролцож буй. Тус улсын албан ёсны төлөөлөгчдийн мэдэгдлээс үзвэл, ирэх таван жилд дотоод хэрэглээгээ идэвхжүүлэх, АНУ-тай хийж буй харилцаа түгшүүртэй байгаа үед гадаадын технологиос хараат байдлаа бууруулах учиртай инновацыг хөхиүлэн дэмжихэд гол анхаарлаа хандуулах гэнэ. Бусад тэргүүлэх зорилтод эрчим хүчний цэвэр эх үүсгүүр багтсан бөгөөд энэ нь 2060 он гэхэд нүүрсхүчлийн хийг тэглэх стратегийн зорилтоо шийдэх чиглэлд хийх бас нэг алхам болох юм.
Тайванийн эргэн тойрны байдал түгшүүртэй, нутаг дэвсгэрийн маргаан, АНУ, түүний холбоотнуудтай сөргөлдөөнтэй холбоотойгоор
батлан хамгаалахын ойрын таван жилийн зардлаа өсгөх болжээ. Өнгөрсөн жил үүнд төсвийн 6.6 хувийг зарцуулсан нь сүүлийн 30 жилийн хамгийн бага үзүүлэлт байв.
Их хурлын өмнө ядуурлыг ялснаа зарласан нь төлбөрийн чадвартай хэрэглэгчийн тоо өсөх баталгаа болжээ. 2035 он гэхэд тус улсын удирдлага эдийн засаг, нэг хүнд ногдох орлогоо хоёр дахин өсгөхөөр төлөвлөж байгаа нь дунд орлоготой орнуудын түвшинд хүрэх боломж олгохыг олон улсын ажиглагчид тэмдэглэлээ.
Хоёр чуулган Хятадаас АНУ-тай хийж буй сөргөлдөөн хурцадсан, тус улсын дарга Си Зиньпин ирэх жил улиран сонгогдох магадлалтай үед болж буйгаараа онцлог аж. Ойрын таван жилд Бээжин хэд хэдэн зорилт хэрэгжүүлэх хэрэгтэй болохыг шинжээчид онцлов. Юуны түрүүнд, тэргүүлэх аж үйлдвэр, инновацын орчны бүтээн байгуулалтаа гүйцээснээр АНУ, түүний холбоотнуудаас хараат байдлаа хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулна. “Хятадад үйлдвэрлэв-2025” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй уг зорилтод шинэ таван жилд бүрэн хүрэх ёстой. Хоёрдугаарт, иргэдээ ажлын байраар хангахын тулд Хятад улс өндөр хурдтай хөгжих ёстой. Үүний тулд ДНБ-ий жилийн өсөлтийг 4-5 хувьд хүргэх хэрэгтэй. Мөн тав дахь үеийн холбооны сүлжээ, супер компьютер, нийтийн өндөр хурдны тээвэр зэрэг шинэ дэд бүтцийг бүтээн байгуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэх учиртай. Гуравдугаарт, Бээжин эдийн засгаа ногооруулж, байгалийн хий, эрчим хүчний сэргээгдэх эх үүсгүүрийн гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх талаар шийдвэртэй алхам хийх аж. Үүний сацуу Хятад улс ялангуяа хиймэл оюун ухаантай холбоотой технологи хөгжүүлж, түүнийгээ хилийн чанадад нэвтрүүлэх аргаар АНУ-д алдсан орон зайгаа эгүүлэн авахыг чармайх гэнэ.