ОПЕК + бүлгийн орнууд ирэх дөрөвдүгээр сард газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхгүй байхаар шийджээ. “Сайд нар Орос, Казахстаныг эс тооцвол ирэх дөрөвдүгээр сард олборлолтын түвшингээ нэмэгдүүлэхгүй байхыг зөвшөөрөв. Улирлын чанартай хэрэглээний хэв маягийг хадгалахтай холбогдуулан өдөрт ОХУ 130 мянга, Казахстан 20 мянган баррелиар нэмэгдүүлэх боломжтой" гэж уулзалтын албан ёсны мэдэгдэлд дурджээ. Саудын Араб сайн дураараа газрын тосны олборлолтыг 1 сая баррелиар бууруулах шийдвэрээ дөрөвдүгээр сард үргэлжлүүлэхээр болов. “ОПЕК +” бүлгийн шийдвэртэй холбоотойгоор “Brent” маркийн нефтийн үнэ 5 гаруй хувиар өсөж, нэг торх нь 67.72 ам.долларт хүрсэн байна. Бүлгийн дараагийн уулзалт 4-р сарын 1-нд болно.