Мьянмар улсын цагдаагийн гурван албан хаагч Энэтхэгийн хилээр даван орогнол хүсжээ. Энэ тухай Rueters агентлаг цагдаагийн газрын эх сурвалжийг иш татан мэдээлэв. "Оргон зугтсан цагдаа нарын үгээр тэд Мьянмарын засгийн эрхэнд гараад байгаа цэргийнхнээс дагаж мөрдөх аргагүй тушаал авчээ" гэж гурван цагдаагийн зугтаж ирсэн Сэрхип мужийн цагдаагийн газрын дарга Стефен Лалринавма дээрх агентлагт ярьсан байна.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд Мьянмарт зэвсэгт хүчнийхэн төрийн эргэлт хийн Ерөнхийлөгч Вин Мьин, төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аун Сан Су Чи зэрэг бусад удирдагчдыг баривчилж, хориод байгаа юм. Тус улсын иргэд цэргийн дэглэмийг эсэргүүцэн жагсаал цуглаан зохион байгуулсаар байгаа бөгөөд цагдаа, цэргийнхэн жагсагчдыг тараахын тулд хүч хэрэглэсээр байна. Үүний үр дүнд нийт 50 гаруй жагсагчид амиа алджээ.