Энэтхэгийн эм бэлдмэлийн “Bharat Biotech” компанийн үйлдвэрлэсэн “Covaxin” вакцин туршилтын гурав дахь шатандаа 81% -ийн үр дүн үзүүлжээ. Энэ тухай тус компанийн албан ёсны вэбсайтад мэдээлсэн байна. Туршилтад 18-98 насны 26 мянга орчим хүн хамрагджээ. Судалгаанд хамрагдсан бараг 2.5 мянган оролцогч нь 60-аас дээш насны хүмүүс бөгөөд 4.5 мянга нь хавсарсан өвчтэй аж. Эмнэлзүйн туршилтын урьдчилсан дүнг “COVID-19”-өөр халдварласан 43 тохиолдолд үндэслэн гаргажээ. Тодруулбал, тэдгээр тохиолдлын 36 нь идэвхгүй нэгдэл буюу плацебо хийлгэсэн байсан бол долоо нь вакцин тариулсан хүмүүс байжээ.
Мөн тус вакцин нь Британид анх илэрсэн коронавирусийн хувилбарын эсрэг үр дүнтэй байгааг урьдчилсан дүн харуулсан гэж Энэтхэгийн Вирус судлалын үндэсний хүрээлэнгээс мэдээлсэн байна. “Covaxin” вакцин нь Энэтхэгт гарган авсан “COVID-19”-ийн эсрэг анхны вакцин бөгөөд хоёр тунгаар хийдэг аж. Тус вакциныг Монгол, Мьянмар, Шри-Ланка, Филиппин, Бахрейн, Оман, Малдив, Маврики зэрэг 40 гаруй орон худалдаж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.