Сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйд холбогдох хэргийн улмаас АНУ-ын Худалдааны болон Сангийн яам, Төрийн департаментаас ОХУ-ын эсрэг нэмж хориг арга хэмжээ авч, “хар жагсаалт”-д орсон хувь хүн, компаниудын жагсаалт гаргажээ. Үүнд Оросын Аюулгүй байдлын албаны дарга Александр Бортников, Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын даргын нэгдүгээр орлогч Сергей Кириенко, Ерөнхий прокурор Игорь Краснов, Шийдвэр гүйцэтгэх албаны дарга Александр Калашников, Ерөнхийлөгчийн дотоод бодлогын асуудал хариуцсан газрын дарга Андрей Ярин, Батлан хамгаалахын орлогч сайд Алексей Криворучко, Павел Попов нар болон БХЯ-ны Эрдэм шинжилгээний 27 дугаар төв, тус улсын ес, Германы гурав, Швейцарын нэг компани багтав. Эдгээр 14 байгууллагыг АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогыг зөрчдөг гэжээ.
Үүний сацуу АНУ-аас батлан хамгаалахын технологи экспортлохгүй, Засгийн газрын санхүүгийн байгууллагуудаас зээл олгохыг хориглосон орнуудын жагсаалтад ОХУ-ыг оруулсан байна. Төрийн департаментаас тогтоосон хязгаарлалтыг 12 сарын дараа, Москва тодорхой нөхцөлийг биелүүлсэн тохиолдолд цуцлах боломжтой аж.
Европын Холбооноос авсан хязгаарлах арга хэмжээний жагсаалтад дээр дурдсан хүмүүсээс Игорь Краснов, Александр Калашников, мөн Мөрдөн шалгах хорооны дарга Александр Бастрыкин, Үндэсний гвардын цэргийн албаны захирал Виктор Золотов нарыг бичжээ. Тэднийг хүний эрх зөрчсөн, бусдыг хууль бусаар саатуулсан, эрх чөлөөг нь хязгаарласан хэрэгт буруутгасан байна.