Этиопын хойд нутгийн Тыграй мужийн Мекелле хотод тус улсын сэтгүүлч Тамират Йемане, “France presse” агентлаг, “Fi¬nancial times” сонины орчуулагч Алула Акалу, Фицум Берхане, ВВС-гийн сурвалжлагч Гирмай Гебру нарыг цэргийнхэн баривчилж, хаашаа авч явсан нь тодорхойгүй байна. Этиопын эрх баригчдаас ажилтныг нь баривчилсан шалтгааны талаар ВВС тайлбар хүсчээ. Ирүүлсэн мэдээнээс үзвэл Гирмай Гебру нь Мекелле хотоос холгүй орших цэргийн хуаранд байгаа гэнэ.
Тыграй мужид өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эхээр Нобелийн шагналт, тус улсын Ерөнхий сайд Абий Ахмедын Засгийн газар болон улсынхаа эрх баригчдад захирагдахаас татгалзсан талынхны хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлжээ. Эритрей улстай хийсэн мөргөлдөөнийг зохицуулсныхаа төлөө Абий Ахмед Нобелийн шагнал хүртсэн юм.
Өнгөрсөн долоо хоногоос л Этиопын Засгийн гаазар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчдийг бүс нутагтаа нэвтрэхийг зөвшөөрчээ. Гэсэн ч тэднийг төөрөгдөлд оруулсан хүнд арга хэмжээ авахаар эрх баригч намын гишүүн сүрдүүлсэн аж.
Тыграйн байдлыг сурвалжилсан хүмүүсийг айлган сүрдүүлсэнд нь Сэтгүүлчдийг хамгаалах хороо Этиопын Засгийн газрыг буруутгасан байна. “Баривчлагдсан хүмүүс ямар байдалтай буйг бид мэдэхгүй. Жирийн хүмүүсийг цэргийнхэн баривчилсанд, тэд гэр бүлтэйгээ холбоо барих, хуулийн тусламж авах аргагүй болсонд бидний сэтгэл түгшиж байна. Үүнийг түүх бичиж, байгаа байдлыг сурвалжлах гэсэн сэтгүүлчдийг айлгах гэсэн оролдлого гэж үзнэ” хэмээн Африкийн Сахарын цөлөөс урагш орших бүс нутгийн Сэтгүүлчдийг хамгаалах хорооны төлөөлөгч Мутоки Мумо мэдэгдэв. Өнгөрсөн онд Этиопт 13 сэтгүүлчийг баривчилжээ. Тухайлбал, “Reuters” агентлагийн зураглаач Кумер Гемечийг 12 хоног хорьж байгаад, ямар ч тайлбаргүй сулласан байна.
Тыграй мужийн оршин суугчдын 95 хувь нь тиграи үндэстэн. Гэвч тэд Этиопын хүн амын ердөө 5.7 хувийг эзэлдэг. Гэсэн ч тэд армид өндөр албан тушаал хашдаг аж. Өнгөрсөн оны есдүгээр сарын эхээр тус улсад сонгууль болох ёстой байсан ч цар тахлын улмаас эрх баригчид нь бүтэн жилээр хойшлуулсан. Гэтэл “Тыграйг чөлөөлөх ардын фронт”-ын удирдагч Дебрецион Геберемайкл тэргүүтэй тус мужийн эрх баригчид Аддис-Абебагийн шийдвэрийг үл хайхран сонгууль явуулж, хууль тогтоох байгууллагадаа олонх болжээ.
Үүнийг Засгийн газар нь хүлээн зөвшөөрөөгүйн хариуд тэдэнд захирагдахгүй гэдгээ мужийн эрх баригчид мэдэгдсэн байна. Олон улсын хамтын нийгэмлэгээс Ерөнхий сайд Абий Ахмедад сөргөлдөгчидтэйгөө хэлэлцээ хийхийг уриалсан боловч тэрбээр уг саналыг хүлээж аваагүй юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ерөнхий сайд нь салан тусгаарлах үзэлтнүүдийг цэргийн бааз руу халдсанд буруушааж, Тыграй руу давших тушаал өгчээ.