Нигерийн штам гэгдэх коронавирусийн шинэ хувилбар Италийн хойд хэсэгт Брешиа хотод нээжээ. “ANSA” агентлагийн мэдээлснээр Италийн вирус судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч, микробиологийн лабораторийн захирал Арналдо Карузогийн хэлснээр одоогийн гарсан вакцинууд эл хувилбарын эсрэг үр дүн үзүүлэхгүй байж магадгүй аж.
Өнгөрсөн хавар цартахалд нэлээд өртсөн Брешиа хотод халдварын тоо дахин нэмэгдэж, хорио цээрийн арга хэмжээг чангатгахад хүрээд байна. Эрүүл мэндийн дээд хүрээлэнгийн мэдээллээр одоогоор тус улсад илүү халдвартай гэгддэг Британийн хувилбар давамгайлж 54-64% -тай байгаа аж. Хоёрдугаар сарын эхээр халдвар авсан хүмүүсийн дунд эл хувилбар 20% -иас бага байжээ. Цартахлын эхэн үеэс хойш Италид халдвар авсан хүмүүсийн тоо 3 саяд хүрч, 98 мянга гаруй нь эл өвчний улмаас нас баржээ. Мягмар гарагт тус улсын Эрүүл мэндийн яамнаас тараасан хураангуйгаар өнгөрсөн хоногт халдвар авсан хүмүүсийн тоо 17 мянгаар, нас баралт 343-ээр нэмэгдсэн байна.