Францын нийслэл Парис хотын шүүх тус улсын Ерөнхийлөгч асан Николя Саркозийг авлигын хэрэгт буруутай гэж үзээд, гурван жилийн хорих ял оноосон байна. Үүний хоёр жил нь тэнсэн харгалзах ял бөгөөд нэг жилийг нь шоронд биечлэн эдлэх ёстой аж.
Гэхдээ тэрбээр шоронд хоригдохгүй байх боломжтой. Учир нь Францын хуульд хоёроос доош жилийн хорих ял шийтгүүлсэн этгээдүүдэд цахилгаан бугуйвч зүүж, гэрт нь байлгах боломжтой хэмээн тусгажээ.
Мөрдөн байцаагчид 2007, 2012 оны сонгуулийн өмнөх кампанит ажлынх нь санхүүжилтийг шалгасан юм. Николя Саркозигийн 2007 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг нь “L’Oreal” компанийн өв залгамжлагч Лилиан Беттанкур, Ливийн удирдагч агсан Муаммар Каддафи хууль бусаар санхүүжүүлсэн байж болзошгүй хэмээн сэжиглэсэн билээ. Францын хэвлэлүүдэд бичсэнээс үзвэл 2013 оны есдүгээр сард мөрдөн байцаагчид Н.Саркозигийн сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийг шалгах ажлын хүрээнд түүний утасны яриаг чагнажээ. 2014 оны эхээр мөрдөн байцаагчид Н.Саркози огт байхгүй хүмүүсийн нэр дээр бүртгэлтэй гар утсаар өмгөөлөгч Тьерри Эрзог, Үндсэн хуулийн шүүгч асан Жильбер Азибер нартай холбогддог байсныг тогтоосон байна. Авлигын хэргийн мөрдөн шалгалтын талаарх мэдээлэл авахын тулд Н.Саркози өмгөөлөгчөөрөө дамжуулан Ж.Азиберт Монако улсад албан тушаал амласан гэнэ. Тьерри Эрзог, Жильбер Азибер нар Н.Саркозигийн адил ял шийтгүүлжээ. Шүүх хурлын үеэр Н.Саркози өөрт нь тулгасан хэргийг эрс няцаажээ. Түүний өмгөөлөгчид утасны яриа чагнах ажиллагааг хууль бусаар явуулсан, энэ нь өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёрын хоорондох утасны яриа байсан учир мөрдөн байцаалтын нууцыг зөрчсөн гэж үзэн ялыг хүчингүй болгохыг шаардсан байна. Н.Саркозигийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдол гаргахаа мэдэгджээ.