Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарыг суллах хүсэлтийг хэлэлцсэн байна. Өмгөөлөгч Д.Батсүх, Б.Баясгалан, Г.Оюунцэцэг нар энэ удаа ялалт байгуулж, шүүх дээрх хүмүүсийг суллах шийдвэр гаргажээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 26 нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийнхэн “Шүүгдэгч Ж.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай” хүсэлтийг шүүх хүлээн авч хянаад хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн удаатай. Татгалзсан үндэслэлээ шүүгч нар "Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 43 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтад “...Хэргийн прокурорт очтол шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарт урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Д.Ганбат, С.Мандахбат нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй...” гэх заалтыг анхан шатны шүүх үгүйсгэх, өөрчлөх, хүчингүй болгох хууль эрх зүйн боломжгүй" хэмээн тайлбарлаж байсан билээ. Улсын дээд шүүх нэгдүгээр сарын 15-нд Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуулийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Хэргийн талаар сануулахад, Ж.Эрдэнэбат Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа бусадтай үгсэж, Засгийн газрын 2017 оны 256 тогтоолоор “Элбэг орд” ХХК-д нөхөн төлбөрийн зориулалтаар олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өөрийн дүүтэйгээ хамтран эзэмшдэг “Хэрх илч” ХХК-д шилжүүлэн авсан, мөн тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д нөхөн төлбөрийн зориулалтаар ашигт малтмал хайх найман тусгай зөвшөөрөл олгож, тус компанид давуу байдал бий болгосон үндэслэлээр, хууль, шүүхийн байгууллагад дуудагдсан билээ. Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилснөө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ийн тайлбарлаж байна. Тус тайлбарт "Монгол Улсын Их хурлаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2021 оны нэг дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.10-1 дэх хэсэгт заасан “...Хяналтын шатны шүүхийн шийдвэр хууль зөрчсөн гэж үзвэл энэ хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан этгээд уг шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно...” гэх заалтыг хүчингүй болгосон бөгөөд дээрх өөрчлөлтийг 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр зохицуулсан. Уг хуулийн өөрчлөлтөөр Улсын Дээд шүүхийн 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаартай тогтоолд хэргийн оролцогч нараас гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болсон байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн өөрчлөлттэй холбогдуулан Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатарын 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 214 дугаартай “...хэрэг хүргэх тухай...” албан бичгээр хэргийг хүргүүлсэн боловч тодорхой хуулийн үндэслэл дурдалгүйгээр хүлээн авахаас татгалзаж буцаасан байна. Энэ нь шүүгчийн туслах Т.Өлзийтүвшингийн тэмдэглэл, хэлэлцүүлэгт талуудын гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13-1 дэх хэсэгт “...прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед ...цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно...” гэж зааснаар яллагдагч нарын өмгөөлөгчдөөс гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар, яллагдагч нарын эрүүл мэндийн байдал зэргийг үндэслэн өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан хүсэлтийг хүлээж авч яллагдагч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдрөөс эхлэн өөрчилж, өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авахыг прокурорт даалгаж шийдвэрлэв" гэж дурджээ.