Баянхонгор аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон А.Адъяасүрэнг бусдад хээл хахууль өгсөн үндэслэлээр яллагдагчаар татсанаас хойш багагүй хугацаа өнгөрч байна. Гэвч тэрбээр “Намайг хуулийн байгууллагаас дуудаж шалгасан, байцаалт авсан зүйл байхгүй” хэмээн хэвлэлийнхэнд ярьж, АТГ-ынхан түүнд 2020 оны тавдугаар сард НПГ-ын хяналтын прокурорын баталсан тогтоолыг танилцуулж чадахгүй нэлээд хугацаа өнгөрсөн юм. Энэ хооронд түүний өмгөөлөгч нар дээд шатны прокурор буюу НПГ-ын ерөнхий прокурор Ш.Нямдоржид хандаж, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлт гаргасан аж. НПГ-ын ерөнхий прокурор хянаад эрүүгийн 2041000160196 дугаартай хэрэгт яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүчингүй болгосон байна. Үүнийг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчид эсэргүүцэн, дээд шатны прокурор буюу УЕПГ-т хандаад буй гэнэ. УЕПГ-ынхан шийдвэрлэх үед бид цаг тухайд нь мэдээлэх болно. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн сонгуульд нэр дэвшихээсээ өмнө албан тушаалтанд хахууль өгсөн хэрэгт холбогдсон байдаг. Тодруулбал, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Тэнгри транс”, “Сан тээвэр”, “Ульгансар транс” компанийнхаа хүнд даацын 680 ачааны автомашинд улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрөл олгуулахын тулд Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд түүний хүргэн Б.Габит гэх хүнээр дамжуулан 2020 оны гуравдугаар сарын 31-нд Чингэлтэй дүүргийн нутаг, “Peace tower”-ын 804 тоот өрөөнд 100 000 ам.доллар өгсөн хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Улмаар НПГ-ын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад эд зүйл өгсөн” гэх үндэслэлээр яллагдагчаар татах тогтоол баталсан билээ. Түүнээс хахууль авсан хэрэгт холбогдсон Г.Доржпаламыг албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж байгаа бөгөөд тэрбээр “А.Адъяасүрэн утсаар ярьсны дагуу хүргэнээ явуулж мөнгө авхуулсан. Хүргэн над руу ярьж мөнгө авчихлаа, одоо яах вэ гэж байсан” хэмээн мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хэргийн нэг холбогдогч нь А.Адъяасүрэнгээс хахууль авсан гэдгээ хүлээн зөвшөөрчихөөд байгаа юм. Ийм байсаар атал НПГ-ын ерөнхий прокурор нь УИХ-ын гишүүнийг яллагдагчаар татах тогтоолыг хэрэгсэхгүй болгосныг бусад оролцогч нь гайхширч, эсэргүүцэж буй юм билээ.
Бэлтгэсэн: Г.Орчлон