Иран, Оросын тэнгисийн цэргийн хамтарсан “Аюулгүй байдлын бүс” сургуулилалт Энэтхэгийн далайн хойд хэсэгт болжээ. “Худалдаа арилжааны хөлөг онгоцны аюулгүй байдлын төлөөх тэнгисийн цэргийн хамтын ажиллагаа” уриатай эл сургуулилалт 17 000 ам км талбай бүхий хэсгийг хамарсныг Ираны контр-адмирал Голамреза Тахани мэдэгдсэнийг тус улсын “Resalat” сонин уламжлав.
ЭНХ ТАЙВАН, НАЙРАМДАЛ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Бүс нутгийнхаа аюулгүй байдлыг бэхжүүлж, хоёр орны тэнгисийн цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь энэ удаагийн сургуулилалтын гол зорилго аж. Г.Таханигийн хэлснээр сургуулилалт урьдчилсан төлөвлөгөөний дагуу болж, Энэтхэгийн далайн томоохон хэсгийг хамарчээ. Энэ үеэр бай устгах, галд автсан онгоцыг аврах, эзлэгдсэн хөлгийг чөлөөлөх зэрэг даалгавар гүйцэтгэсэн байна. Мөн сургуулилалтын явцад тэнгисийн олон улсын худалдааны аюулгүй байдлыг бэхжүүлэх, хил дамнасан хууль бус наймаа, дээрэм, терроризмтой тэмцэх, аврах ажиллагааны явцад мэдээлэл, шуурхай ажиллагааны туршлага солилцох гол зорилгоо хэрэгжүүлжээ. Орос, Ираны тэнгисийн цэргийн сургуулилалтын өнгөрсөн жилийн хамтрагч Хятадын тал ч үүнд оролцсон бололтой. Гурван улсын байлдааны хөлөг онгоцнууд оролцсон сургуулилалт дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг ихэд татсан юм.
Тухайлбал, “Global times China” зэрэг цэргийн нэр хүндтэй хэвлэлд уг сургуулилалт нь АНУ-д өгсөн дохио гэж онцлон дурдав. Тодруулбал, Персийн булангийн байдал хурцдахад Бээжин хариу арга хэмжээ авахаар төлөвлөж буйг, тус бүс нутгаар дамжин өнгөрөх нефть, эрчим хүчний бусад түүхий эд нийлүүлэх замд саад болох оролдлогыг шийдвэртэй эсэргүүцэхээ илтгэсэн хэрэг хэмээн тэмдэглэжээ. Үүнээс үзвэл Бээжин Персийн булангаар дамжин өнгөрдөг хөлөг онгоцны хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахаа АНУ-д харуулах бодолтой байна. Мөн гурван тал тэнгисийн цэргийн сургуулилалтаараа дамжуулан АНУ-д анхааруулга өгч буйг дурдсан аж.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ ҮНДЭС
Улсын хүч чадлыг нэмэгдүүлдэг стратегийн хамгийн чухал батлан хамгаалах салбар нь дэлхий дахинд хүчний шинэ туйлууд бий болсныг харуулж буй бөгөөд бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх үндсэн үүрэгтэй юм. Иран, Орос, Хятад ч өнгөрсөн хэдэн жил хамтын ажиллагаагаа цэргийн, батлан хамгаалахын салбарт мэдэгдэхүйц бэхжүүлж чаджээ. Эл гурван улсын харилцаа өнгөрсөн 20 жилд шинжээч, тайлбарлагч, зөвлөхүүдийн анхаарлыг татаж, “Арслан, луу, баавгайн холбоо” гэсэн нэршил ч бий болов. “Залуу” үндэстнүүд өөрийгөө танин мэдэх, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж байна. Үүний зэрэгцээ урьд өмнө нь ганцхан хүчний туйл ноёрхож байсан дэлхийн одоогийн шаталсан тогтолцоонд хүчээ авч буй улсууд дахь АНУ-ын нөлөө буурч эхэллээ. Мөн шинэ, “Америкийн дараах” ертөнц бүрэлдэж буйг ажиглаж болно.
Өнөөгийн ертөнцөд эрх мэдлийн хуваарилалт өмнөхөөс өөр хэлбэрт шилжих эхлэв. Хятад, Орос, Өмнөд Солонгос, Бразил, Энэтхэг, Өмнөд Африк, Япон, Иран нь нэг зэрэг хүчээ авч, нөлөөгөө бэхжүүлж чаджээ. Исламын хувьсгал ялж, шашныхаа хэм хэмжээнд суурилсан бүгд найрамдах хэлбэрийн улс төрийн тогтолцоонд шилжсэнийхээ дараа Иран дэлхийн түвшний гүрэн болох замаар явж буй. Улмаар бүс нутагтаа хамгийн том улс болж чадсан. Өөрөөр хэлбэл, удаан үргэлжилсэн цэргийн мөргөлдөөнөөс ангижирч, дайнд сүйдсэн эдийн засгаа сэргээж байгаа. АНУ-ын сорилтыг харьцангуй хялбар аргаар давсан тус улс өдгөө их гүрнүүдийн зохион байгуулж буй цэргийн хамтарсан сургуулилалтуудад адил тэгш, бие даасан хүчний хувиар оролцох болов.
ИРЭЭДҮЙД НОЁРХОХ ГҮРНҮҮД
Иран, Орос, Хятад гэсэн гурван улс нь ирээдүйд ноёрхох гүрэн гэгдэх болов. Тэр байтугай энэ нь алс хэтийн зөгнөл бус, ойрын ирээдүйд биеллээ олох зүйл гэнэ. Ашиг сонирхол, нийтлэг асуудал, бэрхшээл нь эл гурван улсыг ойртон дотносоход хүргэлээ. Тэдэнд тулгарч буй асуудлын дийлэнх нь Өрнөдийн орнууд болон Европтой холбоотой. Тухайлбал, АНУ бараг 40 жил Ираныг сүрдүүлж, Тегераны эсрэг хориг арга хэмжээ авхуулахын тулд бусад улсад дарамт шахалт үзүүлж байна. Энэ нь Москва болон Бээжингийн зүгээс Ираны талаар илүү бие даасан бодлого хэрэгжүүлж эхлэхэд хүргэжээ. Тиймээс гурван улсын хамтарсан сургуулилалтыг АНУ-д өгсөн дохио хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичсэн юм.
Вашингтон сүүлийн 20 жил дэлхий дахинд гарсан өөрчлөлтийг бараг л анзаараагүй, бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох бодлогоо үргэлжлүүлсээр байв. Гэвч ЗХУ задарч, АНУ манай гаргийн аль ч өнцөг буланд “эзэн суух” боломжтой үе хэдийн ард хоцорчээ. Нэгдсэн улсын “эзэгнэл”, хүч, нөлөө нь аажмаар Орос, Хятад зэрэг улсын ашиг сонирхолтой зөрчилдөж, Вашингтоны бодлогын эсрэг шинэ эвсэл байгуулахад хүргэв.
Дэлхийн эдийн засагт тэргүүлэх байр суурьтай болсон Хятад улс Дональд Трампын үед АНУ-ын эсрэг худалдааны дайн эхлүүлсэн. Энэ үеэр АНУ Бээжинд дарамт шахалт үзүүлэхийг оролдож, Япон, Өмнөд Солонгос, Тайваньтай хамтран Өмнөд Хятадын тэнгист цэргийн сургуулилалт хийв. Үүнийгээ эдгээр улсын аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалах шаардлагатай холбон тайлбарлажээ. Энэ нь Бээжинг цэргийн хүчээ зузаатгахад хүргэв. Тэр дундаа Иран, Оростой хамтын ажиллагаагаа бэхжүүлэх бодлогоор дамжуулан цэргийн хүчээ зузаатгах шалтгаан болсон байна. Харин Орос орон ЗХУ задарсантай холбоотой олон сөрөг үр дагаврыг арилгаж, хүч, нөлөөгөө сэргээхийг оролдож байгаа ч АНУ-ын эсэргүүцэлтэй тулгарсаар буй. НАТО хүрээгээ Оросын хил рүү улам ойртуулж байгаа нь Москвагийн хувьд илэрхий бөгөөд ноцтой аюул юм.
Орос, Хятад, Иран нь бүс нутагтаа, дэлхий нийтэд ч нөлөө бүхий хүчтэй, нөгөө талаас нийтлэг бэрхшээлтэй тулгарсан улс гэж “Resalat” сонины нийтлэлд онцолжээ. Тэдний эрх ашиг ч нийтлэг. Эдийн засаг, эрчим хүч, дипломатын хамтын ажиллагаагаа тэд бэхжүүлж байгаа нь ойрын хугацаанд хүчирхэг эвсэл байгуулах үндэс суурийг тавьж буй хэрэг. Сирийн хямралыг зохицуулах талаар Иран болон Орос сүүлийн жилүүдэд хамтран ажиллаж байгаа нь цэргийн бат бөх эвсэл байгуулах нь эргэлт буцалтгүй болсныг илтгэнэ. Үүнд Хятад улс нэгдвэл дэлхийн аюулгүй байдлын буюу хүч тэнцвэржүүлэх шинэ тогтолцоо үүсэх юм. Цэргийн хамтарсан сургуулилалт нь тийм тогтолцоо бий болох шинж тэмдгүүдийн нэг аж.