Иран улс цөмийн гэрээний талаар ойрын долоо хоногт хэлэлцээр хийх тухай ЕХ ба АНУ-ын тавьсан саналаас татгалзжээ. Энэ тухай “Wall Street Journal” ЕХ-ны дипломатуудыг иш татан мэдээлэв. Эх сурвалжуудын мэдээлснээр Иран улс эхлээд тус уулзалтын дараа АНУ зарим хориг арга хэмжээгээ цуцлах баталгаа авахыг хүсэж байгаа аж. Гэхдээ Иран улсын татгалзсан явдал уг хэлэлцээг хийх “найдварыг бүр мөсөн устгаагүй" гэж дипломатууд тэмдэглэжээ. Тэдний үзэж буйгаар Тегераны энэ алхам нь "ирээдүйн хэлэлцээнд хөшүүрэг олж авах гэсэн оролдлого" байж магадгүй юм. Европын дипломатууд Ираны цөмийн хөтөлбөрийн нэгдсэн үйл ажиллагааны цогц төлөвлөгөөнд оролцогчдын албан бус уулзалтыг зарлан хуралдуулахаар АНУ-ын төлөөлөгчидтэй хамтран ажиллаж байгааг Европын комисс өмнө нь баталсан билээ.
2015 онд Их Британи, Герман, Хятад, Орос, АНУ, Франц ба Ираны байгуулсан Хамтарсан үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө нь Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарласны хариуд хориг арга хэмжээг цуцлахаар байгуулагдсан боловч гурваг жил ч болж чадаагүй аж. 2018 оны тавдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг гэрээнээс гарч, Тегераны эсрэг хатуу хориг арга хэмжээг сэргээхээр шийдсэн юм. уг үйл явдлаас хойш гэрээнээс гарснаас хойш яг нэг жилийн дараа буюу 2019 онд Иран цөмийн судалгаа, центрифуг, уран баяжуулах түвшний хязгаарлалтаас татгалзаж, гэрээний дагуу хүлээсэн үүргээ үе шаттайгаар бууруулахаа мэдэгдсэн. Иранд 2020 оны эцсээр хэрэв Тегеран газрын тосоо чөлөөтэй арилжаалж, санхүүгийн үйл ажиллагаа явуулж чадахгүй бол өндөр баяжуулсан ураны үйлдвэрлэлийг 20% -иас эхлүүлэх, гэрээний заалтаас давсан илүү хүчирхэг центрифуг ашиглаж эхлэх, МАГАТЭ-ийн өргөтгөсөн шалгалтаас татгалзах тухай хууль гарсан юм.