Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар багийн Сүхбаатар өртөөний 2 дугаар зам дээр химийн бодис асгарсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газар, Хилийн мэргэжлийн хяналтын албаны алба хаагчид, Төмөр замын ачаа тээврийн ажилчид, Байгаль орчны газрын байцаагч нар өчигдөр уг газарт очиход “Калийн хлорид” асгарсан байжээ. Цагдаагийн байгууллага 10 метрт хамгаалалтын бүс тогтоон, 617,5 кг “Калийн хлорид”-ыг 15 шуудайнд хийж, “Гачуурт” ХХК-ийн агуулахад түр хадгалуулахаар ажилтан Г-т хүлээлгэн өгсөн. Бодис асгарсан талбайг усаар болон хуурай элсээр саармагжуулж, ариутгал, халдваргүйтгэл хийж, 3 цаг ажилласан. Уг бодис болон хөрснөөс дээж авч тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын итгэмжлэгдсэн лабораторт бодисын нэр төрлийг тодорхойлох, шинжлүүлэхээр ажиллаж байна.