Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн халагдах цэргүүд бусдыгаа дээрэлхэн, хүнлэг бусаар харилцаж буй бичлэгийн талаар бид өмнө нь мэдээлсэн. Олон нийтийн сүлжээнд тархсан уг бичлэгтэй холбоотойгоор Зэвсэгт хүчний жанжин штабын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр тайлбар хийж, хугацаат цэргийн алба хаагчдынхаа ар гэрийнхнээс уучлалт хүслээ. Тэрбээр "Зэвсэгт хүчний 032 дугаар ангид 2019 оны хоёрдугаар ээлжээр татагдан ирсэн дайчид 2020 оны нэгдүгээр ээлжээр ирсэн хоёр алба хаагчтай дүрмийн бус харилцааны зөрчил гаргасныг тогтоосон, хууль хүчний байгууллагатай хамтран шалгана" гэв. 2020 оны есдүгээр сарын сүүлээр гарсан гэх уг бичлэгт гарсан үйлд явдлыг ХЭҮК-оос дүрмийн бусаас гадна хүнлэг бус хэрэг хэмээн үзэж буй. Тус комиссоос цэргийн анги, нэгтгэлүүдэд удаа дараа шалгалт хийж, зөвлөмж өгч, анхааруулж байсан аж.