Цагдаагийн алба хаагчид өчигдөр 269 хүнийг эрүүлжүүлж, 71 согтуу жолоочийг саатуулжээ. Ер нь сүүлийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, амиа алдах, эрүүл мэндээрээ хохирох зөрчил цөөнгүй гарсаар байгааг цагдаагийнхан хэлж байна Мөн энэ сарын 22-25-нд зам тээврийн ослын шинжтэй 327 дуудлага мэдээлэл бүртгэж авсан байна. Энэ өдөр зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, орон нутгийн замд зургаан хүн нас барлаа. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Шарга сумын Хамтын хүч багийн нутагт ноцтой осол гарч “Grand Bird” маркийн автобус, “LGMG “маркийн механизм, “Toyota Crown” маркийн автомашинууд мөргөлдөж, зорчигч хоёр зорчигч газар дээрээ нас барж, хоёр хүн хүн гэмтсэн гэнэ. Мөн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 5-р багийн нутаг дэвсгэрт “Daihatsu Terios” маркийн автомашины жолооч өгсүүр газар хүч алдаж, ухарч, зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс онхолдож, амиа алджээ. Мөн алба хаагчид энэ долоо хоногт гудамж, замд хийсэн хяналт шалгалтын үеэр нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 135, орон нутагт 88 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Иргэд, жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд шөнийн цагаар хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн болон гэрэлтүүлэг хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарлаа.