Сүүлийн үед зарим нэр бүхий санхүүгийн компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалтыг нэмэгдүүлэх, харилцагчдадаа хямдруулалтын боломж олгох сурталчилгааг ихээр хийж буй. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хорооноос тэдгээр хямдрал, урамшууллын оноо нь зохицуулалтын бус, арилжааны хэрэгсэл буюу койн, криптовалют болж, тухайн урамшууллыг гаргасан компанийн хөрөнгө, хувьцаа хэлбэрээр баталгаажиж буй гэдэг нь олон нийтэд буруу ташаа ойлголт төрүүлж болзошгүй байна гэж мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, тухайн урамшууллын оноо /койн, криптовалют/-г дижитал бирж, дижитал банк гэх арилжааны системээр дамжуулж худалдах, худалдан авах боломжтой ба ирээдүйд үнэ цэн өснө гэх зэргээр олон нийтийн санхүүгийн мэдлэг дутмаг байдлыг ашиглаж, эрэлтийг бий болгох нь эргээд иргэдэд эд хөрөнгийн хохирол учруулах эрсдэлтэй гэнэ. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд 12 банк, Монголын Хөрөнгийн бирж, Монголын Үнэт цаасны бирж, Хөдөө аж ахуйн бирж л үйл ажиллагаа явуулж байгаа. Дээр дурдсан дижитал бирж, дижитал банк зэрэг нь төрийн хяналт, зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хамаарахгүй гэнэ. Дижитал биржээр арилжаалж буй үнэт цаасны токен /Security Token/ гэх хувьцаанд хөрвөх, эсхүл солих боломжтой мэт зарим төрлийн дижитал хэлбэртэй бүтээгдэхүүн нь бодит үнэт цаасаар солих, хөрвүүлэх боломжгүй аж. Компанийн хувьцаа болон тэдгээрт суурилсан буюу түүнд хөрвөх боломжтой үнэт цаастай холбогдох харилцаа нь Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар зохицуулагдаж, үнэт цаасыг төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхээр хуульчилсан байдаг. Иймд токен, криптовалют, койны үнэ ханшийг урьдчилан таамаглах боломжгүй, үнийн савалгаа ихтэй байдаг ба эдгээрийг худалдан авах нь оруулсан хөрөнгөө алдах өндөр эрсдэл дагуулж болзошгүйг иргэдэд Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулж байна.