Энэтхэгийн хөдөө аж ахуйн шинэ хуулиудыг эсэргүүцэж байгаа фермерүүд шаардлагыг нь хүлээж авахгүй бол парламентын ордноо бүсэлнэ хэмээн сүрдүүлж байна. Эсэргүүцлийн ажиллагааг удирдагчдын нэг, “Энэтхэгийн тариачдын холбоо” байгууллагын төлөөлөгч Ракеш Тикаит ингэж мэдэгдсэнийг “Outlook” сэтгүүлийн цахим хуудас эш татжээ. “Энэ удаа парламентын ордон руу 400 мянган трактор зорих болно” гэж тэрбээр хэлсэн аж. Тариалалтын цаг болж байгаа ч фермерүүд эсэргүүцлээ зогсоохгүй, Делигийн цэцэрлэгүүдийн газрыг хагалж, тэнд тариалалт хийхээс татгалзахгүйг Ракеш Тикаит уламжилжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эцсээс хойш фермер, тариачдын нэгдлийн олон мянган төлөөлөгч нийслэлийн тойргийн захад эсэргүүцлийн жагсаал, цуглаан зохион байгуулж, хөдөө аж ахуйн шинэ хуулиудыг цуцлахыг шаардаж буй юм. Энэ үеэр жагсагчид, цагдаагийнхны хооронд удаа дараа мөргөлдөөн үүссэн. Тэдгээрээс хамгийн том нь өнгөрсөн сарын 26 буюу Тусгаар тогтнолын баярын өдөр болсон юм. Тухайн үед трактортой фермерүүд нийслэл Шинэ Дели хотын төвийг зорьсноор мөргөлдөөний үеэр нэг хүн амь эрсдэн, олон зуун иргэн, тэдний дотор цагдаагийнхан гэмтсэн билээ. Шинэ хуульд тариаланчдын орлогыг, тэдний бүтээгдэхүүнийг тус улсын аль ч цэгт худалдах боломж олгох замаар өсгөхөөр тусгасан аж. Үүнийг дамын наймаачдад илүү эрх мэдэл олгож, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн баталгаат доод хязгаарыг цуцлахад хүргэнэ хэмээн жагсагчид үзэж байгаа юм. Эрх баригчидтай хийсэн хэд хэдэн удаагийн хэлэлцээ амжилтгүй болсон тул тариаланчид тэдгээр хуулийг цуцлахыг шаардаж байна. Харин Засгийн газар нь зөвхөн нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхэд бэлэн байгаа аж.