Далайн чанад дахь нутаг дэвсгэрийнх нь паспорт эзэмшигчдээс Хонконгийн оршин суугчдад зориулсан цагаачлалын тусгай сувгийг Британи өнгөрсөн сарын 31-нээс нээжээ. Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг Хятадад баталсантай холбоотой өөрчлөлт Лондоныг визийн хөнгөлөлт олгоход хүргэсэн юм. Уг өөрчлөлтийг Өрнөдийн орнууд ихээхэн шүүмжилж буй. Шилжин суурьших боломжийг Хонконгийн 300 мянга орчим иргэн ашиглана хэмээн Британийн эрх баригчид тооцоолжээ.
Гэвч шинэ журам одоогоор онцгой анхаарал татаагүй байна. Хонконгийн Норт-Пойнт дүүрэгт орших Британийн визийн төвд хүмүүс олноор цугласан тохиолдол гарсангүй. Ердийнхөөс хөл хөдөлгөөн бага зэрэг нэмэгдсэн гэнэ. Хэдэн залуу хос, тэдний дотор хүүхэдтэй хүмүүс л таван жил Британид оршин сууж, ажиллах, эсвэл суралцах эрх олгодог тусгай виз хүсэх боломжийг ашигласан аж. Үүний дараа тэд тус улсад байнга оршин суух, харьяат нь болох боломжтой юм.
“Нөхөр бид хоёр ямар ч байсан цагаачлахаар эхлээд Канадыг судалсан. Гэвч эцэст нь хялбаршуулснаар нь Британийн визийн саналыг ашиглах болсон. Цахимаар хүсэлтээ гаргаж, 100 асуултад хариулан, визийн болон эрүүл мэндийн хураамж төлөөд, хувийн мэдээллээ өгч, санхүүгийн боломжтой гэдгээ нотлоход болно” гэж Хонконгийн залуу оршин суугч Эмили тайлбарлажээ. 2019 онд Засгийн газраа эсэргүүцсэн, олныг хамарсан эмх замбараагүй байдал үүсэж, үүний хариуд Бээжин Үндэсний аюулгүй байдлын тухай хатуу хууль баталсан зэрэг үйл явдал өнгөрсөн хоёр жилд Хятадын засаг захиргааны тусгай тус бүс нутгийн эдийн засаг, улс төрийн байдлыг муутгасан нь хилийн чанадыг зориход хүргэсэн хэмээн тэрбээр тодруулжээ. “Хонконг урьдынх шигээ биш болсон. Эрх чөлөө хумигдсан. Бидэнд ч, үр хүүхдүүдэд ч энд ирээдүй байхгүй” хэмээн Эмили үзэж байна.
ХОЁРДУГААР ЗЭРЭГЛЭЛИЙН ХҮМҮҮС ҮҮ
Эмили болон түүний нөхөрт хоёрдугаар зэрэглэлийн хүмүүс мэт Лондон хандана гэж Бээжин анхааруулжээ. “Тиймээс үүнийг эрс эсэргүүцэж буйгаа Хятад улс илэрхийлж, нэгдүгээр сарын 31-нээс Британийн далайн чанадын паспортыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Жао Лизянь мэдэгдсэн байна. Мөн тийм байр суурьтай буйгаа Хонконгийн эрх баригчид ч мэдэгджээ. Гэхдээ энэ нь тийм паспорт эзэмшигчдэд онцгой сөрөг нөлөөгүй, Хонконгийн паспортын адил учир төрөлх хотдоо тайван эргэж ирэхэд саадгүй хэрэглэх боломжтой. Харин эрх баригчид нь тэдний Хонконгод оршин суух эрхийг хасах магадлал бий. Британид амьдрах аргагүйд хүрвэл эргэж нутгаа зорих боломжгүй болохыг Хонконгийн оршин суугчид хүсэхгүй.
Лондон визийн хөтөлбөрт оролцогчдод дүрвэгч мэт хандана хэмээн үзэж буйгаа Хонконгийн Аюулгүй байдлын асуудал хариуцсан сайд асан, одоо тус бүс нутгийн тэргүүний зөвлөх, хууль тогтоогч Регина Ип илэрхийлжээ. Мэргэжлийн онцгой туршлагагүй, нарийн мэргэшилгүй хүмүүст ийнхүү хандана хэмээн тэрбээр хэлсэн аж. Тэд эмч, эсвэл бусад хэрэгцээт мэргэжилтний хувиар уламжлалт сувгаар гадаадад цагаачлах боломжгүй. “Хонконгийн цагаачид харь Европын оронд ялгаварлан гадуурхах үзэлтэй тулгарч мэднэ” гэж Регина Ип радиогийн нэвтрүүлэгт оролцохдоо хэлжээ.
БРИТАНИЙН ДАЛАЙН ЧАНАД ДАХЬ НУТАГ ДЭВСГЭРИЙН ПАСПОРТ ЭЗЭМШИГЧИЙН СТАТУС
Британийн ГХЯ-ны мэдээлснээр, Нэгдсэн Вант Улсын харьяатын статустай бараг гурван сая хүн Хонконгийн нутаг дэвсгэрт аж төрдөг. Энэ нь Хятадын мэдэлд шилжихээс өмнө мэндэлсэн, 1997 оны зургадугаар сарын 30-наас өмнө өөр улсын харьяат болоогүй Хонконгийн оршин суугчид юм. Тэдний 350 мянга нь уг статусыг нотолсон, гэхдээ Британийн иргэн гэж бичээгүй тусгай паспорттой болжээ. Эл баримт бичиг тэднийг Британийн цагаачлалын хяналтаас чөлөөлөхгүй ч Нэгдсэн Вант Улсад нэвтрэх үйл явцыг хөнгөвчилж, оршин суух зарим давуу эрх олгодог. Хонконг одоо 7.5 сая хүн амтай.
Зарим мэдээллээс үзвэл, Хятадын засаг захиргааны тусгай эл бүс нутгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг өнгөрсөн оны зургадугаар сарын эцсээр баталсан цагаас хойш Британи руу Хонконгийн 7000 орчим оршин суугч янз бүрийн аргаар гарчээ. Тэдний олонх нь 2019 онд эсэргүүцлийн жагсаал, цуглаан болсны улмаас Хонконгийн байдал муудсанд сэтгэл дундуур бол зарим нь эмх замбараагүй байдалд идэвхтэй оролцож, шүүхийн мөрдлөгөөс сэргийлэн зугтсан. Мөн тэдний дунд Хонконгийг тусгаар тогтнуулах үзэл санаа дэвшүүлсэн, сөрөг хүчний нэртэй зүтгэлтэн Натан Ло байна.
Лондон визийн шинэ журам ямар ч байсан гаргаж, Хятадад “бэлэг” барьжээ. Залуучуудын эсэргүүцлийг өдөөсөн элдэв үймээн самуунаас Хонконгийн нийгмийг ангижруулах үйл явц Бээжингийн ашиг сонирхолд нийцнэ. Ташрамд дурдахад, өнгөрсөн оны зургадугаар сарын 30-нд БНХАУ-ын парламент Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хууль баталснаас хойш эсэргүүцлийн жагсаал, цуглаан намжсан. Үүнд жагсаж, цуглахыг терроризм, салан тусгаарлах үзэл гаргасанд, төрийн эрх мэдэлд халдсан, гадаадын хүчнүүдтэй үгсэн хуйвалдсан гэмт хэрэгт тооцож, насаар нь хорих ял шийтгэхээр тусгасан юм.
Британи зэрэг хэд хэдэн улс Хятадын эрх баригчдын үйлдлийг шүүмжилж, “Нэг улс, хоёр систем” зарчмыг зөрсөн хууль баталсан хэмээжээ. Үүнийг Хонконгийн оршин суугчдын эрх, эрх чөлөөнд хохирол учруулсан, энэ бүс нутгийн өөртөө засах статус болон Британийн хуучин колонийг шилжүүлэх нөхцөлийн тухай хамтарсан тунхгийн заалтыг зөрчсөн гэж Лондон үзэж байна. Гэсэн ч шинэ хууль тус бүс нутагт үүссэн эмх замбараагүй байдлыг эцэс болгожээ. Оршин суугчдын олонх нь уг баримт бичгийг талархан хүлээн авч, шилжин суурьших шаардлагагүй хэмээн үзэж байна.
ЯВАХ ХҮСЭЛ
Саяхан Хонконгод явуулсан олон нийтийн санал асуулгаас үзвэл, оршин суугчдынх нь бараг 44 хувь нь боломж олговол хилийн чанад руу цагаачлахыг хүсдэгээ илэрхийлжээ. Энэ нь сүүлийн жилүүдийн хамгийн өндөр үзүүлэлт болов. Судалгаанд оролцогчдын 15 хувь гадаад руу шилжин суурьшихаар бэлдэж буйгаа мэдээлсэн гэнэ. Цагаачлахыг хамгийн их хүсэж буй газраар Британи (23.8), Австрали (11.6), Тайванийг (10.7) нэрлэжээ.
Засгийн газрынхаа бодлогод сэтгэл дундуур, ардчилсан эрх, эрх чөлөөг хангах байдал муудсан, нийгмийн хагарал газар авсан нь шилжин суурьших бодол төрүүлсэн аж. Хонконгийн залуу оршин суугчдын олонх нь өндөр цалинтай ажил хайх, орон сууцын хүрэлцээгүй байдлыг бэрхшээлээр дурдсан гэнэ. Тус бүс нутгийн орон сууцын үнэ дэлхийд хамгийн өндөрт тооцогддог. Судалгаанд 18-аас дээш насны 737 хүн оролцжээ. Сөрөг хүчний төлөөлөгчид нь Британийн визийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг дэвэргэхгүй байхыг уриалжээ. Уг хөтөлбөр нь Хонконгийн хүн амыг олноор шилжин суурьшихад хүргэхгүй бөгөөд хилийн чанадыг зорихыг хүссэн хүмүүсийн шийдвэрийг хүндэтгэх хэрэгтэй гэсэн байна. Хятадын засаг захиргааны тусгай эл бүс нутгийн оршин суугчдын олонх нь хилийн чанадыг зорих, эсэхээ хараахан шийдээгүй, байдлыг харзнаж буй. Гэхдээ тэдний хувьд шаардлага гарсан тохиолдолд шилжин суурьших “үүд хаалга” нээлттэй байх нь чухал.