ОХУ-ын Эрүүл мэндийн яам М.П.Чумаковы нэрэмжит иммунобиологийн эм бэлдмэлийг судлах, боловсруулах эрдэм шинжилгээний төвийн боловсруулсан коронавирусийн эсрэг "КовиВак" вакциныг бүртгэжээ. Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Михаил Мишустин мэдэгдэв. “Тун сайхан мэдээ дуулгахад бид өнөөдөр "Ковивак" нэртэй гурав дахь вакцинаа бүртгэлээ. Тус вакциныг Чумаковын нэрэмжит төвд гарган авсан” хэмээн тэрбээр хэлсэн байна. Эхний 127 мянган тун вакцин 3-р сарын дундуур иргэдэд очиж эхлэх аж. Чумаковын нэрэмжит төвийн захирал, ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн гишүүн Айдар Ишмухаметовын хэлснээр "КовиВак" вакцин нь мутацад орсон коронавирусийн эсрэг ч ялгаагүй үр дүнтэй гэнэ. Учир нь вакциныг геномын(вирусийн генийн бүтэц) хэсгүүд бус харин вирусийг бүхэлд нь ашиглаж боловсруулсан аж. Эмнэлзүйн туршилтууд өнгөрсөн оны аравдугаар сард эхэлсэн бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн сөрөг үр дагавар илрэхгүй байна. Хоёр дахь үе шат удахгүй дуусах бөгөөд гурван мянган сайн дурын ажилтнуудад цаашдын туршилтыг явуулах аж. Вакцин 18-60 хүртэлх насныханд хэрэглэхийг зөвлөжээ. Харин хүүхэд болон 60-аас дээш насныхан хэрэглэхэд зориулагдсан туршилтыг 4 дүгээр сард эхлүүлэх төлөвтэй байна.