Индонезын нийслэл Жакарта хотын эрх баригчид коронавирусний вакцин хийлгэхээс татгалзсан иргэдэд торгууль ногдуулахаар болжээ. Торгуулийн хэмжээ 5 сая рупи буюу 357 орчим ам.доллар байх гэнэ. Торгуулийг вакцинаа хийлгэх боломжтой авч ямар нэгэн шалтгаанаар хийлгэхээс татгалзсан хүмүүст ногдуулах юм байна. Энэ шийдвэрийг нийт хүн амын аюулгүй байдлын үүднээс авч байгаа гэж Жакарта хотын захирагчийн орлогч Ахмад Риза Партия мэдэгджээ. Түүний хэлснээр уг арга хэмжээ нь Индонезод илэрсэн 1.2 сая гаруй халдварын тохиолдлын дөрөвний нэг орчим нь ногдож байгаа нийслэлийн хувьд хамгийн сүүлчийн арга аж. Энэ сарын эхээр Индонезийн Ерөнхийлөгч вакцин хийлгэхээс татгалзсан хэн бүхэнд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа, төрийн үйлчилгээ үзүүлэхгүй эсвэл торгууль ногдуулна гэсэн зарлиг гаргажээ. "Saiful Mujani Research and Consulting" компаниас 12 дугаар сард явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, түүнд оролцогчдын ердөө 37 хувь нь вакцинд хамрагдахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Харин 40 хувь нь хараахан шийдээгүй бол 17 хувь нь вакцин хийлгэхээс татгалзжээ. Тус улсад коронавирусний халдвараар 34000 орчим хүн нас барсан байна.