Япон улс “Pfizer” болон “BioNTech” компанийн үйлдвэрлэсэн COVID-19 вирусийн эсрэг вакцины нэгээхэн хэсгийг хаяхад хүрчээ. Энэ тухай “Rueters” агентлаг тус улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын нарийн бичгийн дарга Катсунобу Катог иш татан мэдээлэв. Түүний хэлснээр вакцины ампулыг бүрэн ашиглаж чадах тусгай тариур тус улсад дутагдалтай байгаа аж. Pfizer вакцины нэг ампулаар зургаан тарилга хийх боломжтой боловч тунг бүрэн гаргаж авахын тулд тусгай тариур шаардагддаг гэнэ. Ердийн тариураар зөвхөн таван тарилга л хийх боломжтой аж. Үүнээс үүдэн Японд төлөвлөгдсөн 72 сая хүний оронд 60 сая хүнийг л вакцинжуулах болоод байна. Вакцины хэрэглээгүй хэсгийг устгаж байгаа тухай Като хэлжээ.