Монгол Улсад Шинэ Коронавирусийн голомтолсон халдвар бүртгэгдэн халдварын тохиолдлын тоо өдөр бүр нэмэгдэж байна. Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед АШУҮИС-ийн хамт олон вирусийн халдварын оношилгооны лабораториудын ачааллыг хуваалцах, бэлэн байдлыг хангах, коронавируст халдварын оношилгооны дэвшилтэт арга технологийг нутагшуулах, био-анагаахын мэргэжилтэн бэлтгэх бүх шатны сургалтын чанарыг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах зорилго тавин ажиллаж буй. Зорилтынхоо хүрээнд молекул биологийн лаборатори байгуулах ажлыг эхлүүлжээ. Улмаар АШУҮИС-ийн захирлын 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн А/15 тоот тушаалаар Био-Анагаахын хүрээлэнгийн дэргэдэх молекул биологийн оношлогооны лабораторийн хүний нөөцийн бүрэлдэхүүнийг баталж, лабораторийн эрхлэгчээр АУС-ийн Эмнэлзүйн лабораторийн тэнхимийн ахлах багш АУ-ны доктор, дэд профессор Т.Хосбаярыг түр томилон ажиллуулж байна. ШУТГ-аас Лабораторийн зураг төслийг Био-Аюулгүй байдлын 2-р зэргийн лабораторийн түвшинд нийцүүлэн боловсруулж, ДЭМБ-ын бүсийн лавлагаа лабораторийн профессор гадаад хөндлөнгийн үнэлгээг хийж баталгаажуулан АШУҮИС-аас 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Лабораторийн дэд бүтэц, агааржуулалт, засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг ХҮГ-ын баг хамт олон гүйцэтгэж байгаа ба өнөөдрийн байдлаар засварын ажлын явц 75 хувьд хүрээд байна.