"Ковид-19" цар тахлын үед аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн хүндрэлийг шийдэх нэг арга хэмжээ болгож УИХ-аас Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг баталсан. Дээрх хуулийн үйлчлэлд төрийн байгууллагаас бусад бүх аж ахуйн нэгж, байгууллага 2021 оны нэгдүгээр сараас 2021 оны долдугаар сар хүртэл зургаан сарын хугацаанд ажил олгогч, даатгуулагч нь зөвхөн тэтгэврийн даатгалын 8.5 хувийн шимтгэлийг тус бүр төлөх ба бусад төрлийн шимтгэлээс чөлөөлөхөөр зохицуулсан. Энэ хугацаанд 198.9 тэрбум төгрөгийн шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх юм. Өмнөх хугацаанд буюу 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн мөн оны аравдугаар сар хүртэл зургаан сарын хугацаанд ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн чөлөөлсөн. Мөн өнгөрсөн оны аравдугаар сараас 2021 оны нэгдүгээр сар хүртэл гурван сарын хугацаанд зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч тус бүр таван хувиар төлж, бусад даатгалын шимтгэлээс бүрэн чөлөөлөгдсөн. 2020 онд хэрэгжүүлсэн шимтгэлээс чөлөөлөх, хөнгөлөх арга хэмжээнд урьдчилсан байдлаар 38.4 мянган ажил олгогч, 571 мянган даатгуулагч хамрагдаж, нийт 710.9 тэрбум төгрөгийн шимтгэлээс чөлөөлөгджээ.