- Ажилгүйдлийн татвар авъя –
Өнгөрсөн жилийн хавар орцны маань үүдэнд хоёр залуу нэг настантай сүрхий “муудалцаж” билээ. Барилгын засварын ажлаар айлд ирсэн залуус “Тогтсон ажилгүй, эзэмшсэн мэргэжилгүй, сурсан зүйлгүй байж болох ч залхуурч, зүгээр сууж болохгүй” хэмээн том “онолдоход” настан ихэд олзуурхан ярианд нь хошуу нэмэрлэсэн юм. Гэхдээ тэдний яриа удалгүй маргаан болсон нь монгол хүний үнэлэмж, цалин хөлсний асуудлаас үүдэлтэй. Ажилгүйдлийн туйл болсон орон нутгаасаа дайжин, хотод аахар шаахар ч болов ажил хийхээр ирсэн гэх хоёр “Аав, ээж минь өөрийн гэсэн малгүй шахам тул бид амьдралаа болгохын тулд хот бараадсан. Уг нь хайвал, голохгүй бол ажил олддог юм байна, том газарт. Хамгийн гол нь цалин үнэхээр бага” хэмээн гомдоллоод төр, засгаас элдэв халамж нэртэй мөнгө цацахын оронд хөдөлмөрийн хөлсний үнэлгээг өсгөх ёстой гэж байлаа. Эл явдлыг санах болсон учир нь нийгмийн сүлжээн дэх нэгэн маргаантай холбоотой.
“Хүн бай” группэд нэг бүсгүй “Монголчууд маань яагаад ийм болчихсон юм бэ. Ходоод нь биш, тархи нь хоосорчихжээ. Хөршийнхөө, 40 орчим настай эгчид “Ажилд оруулаад өгье” гэхэд “Хэрэггүй, хүнсний талоноосоо хасагдчихна” гэж байна. Тогтвортой ажил, цалин тэр талоноос нь хавьгүй илүү санагдах юм. Ер нь хүнсний талон тарааж байхаар хүчээр ч болов ажил, хөдөлмөр эрхлүүлж болдоггүй юм байх даа” гэж бичжээ. Түүнийг дэмжиж, төрийн бодлогыг шүүмжилсэн хүн олон байлаа. Эсэргүүцсэн нь ч эн тэнцүү шахам. Өдөржин, шөнөжин ажиллаад хэдхэн “цаас” авч байхын оронд төрийн халамж, “хайранд халуурсан” нь дээр гэх хүн олон. Бүр “галзуурчихсан” нь ч цөөнгүй. Тэдний хүсэж байгаа нь хүүхдийн мөнгийг нэмэх, эх орны хишиг авах, байгалийн баялгаас өрх бүрт сар болгон орлого төвлөрүүлэх, малаар баян улс махаа үнэгүй тараах гэхчлэн “Алтан загасны үлгэр”-ийн эмгэн ч атаархмаар их юм нэхжээ. Өнөөдөр хөлсөө урсгахгүйгээр “мөнгөжих” хүсэлтэй хүн олширсныг нийгмийн сүлжээн дэх ганц “яриа”-наас тандахад ийм байна.
Ядуу байгаагаа “тунхаглан”, чарлалдах хэрнээ ажиллах дургүй. Тийм байтлаа мөнгө, хоол нэхдэг “гавьяа”-тай. Ийм л дүр төрхтэй тэжээвэр өнөөдөр улам олширч байгаа нь манай нийгмийн хамгийн хөндүүр сэдэв болов.
Монголд ядуурал нүүрлэснийг гадаад, дотоодын судалгаанууд “хэлдэг”. Үзэгдэл шахам болчихсон энэ асуудал ажилгүйдэлтэй шууд холбоотой. “Мэдэхгүй” нь мянган үгийн таглаа гэдэг шиг “Ажил олдохгүй байна” гэж өөрийгөө өмөөрдөг нь “ангаахайнуудын” түгээмэл шинж. Үндэсний статистикийн хорооны цахим хуудсанд мэдээлснээр, өнгөрсөн оны сүүлчээр 89 000 шахам хүн ажил, хөдөлмөр эрхэлдэггүй, тэдний 34 мянга орчим нь ажил хайж буйгаа албан ёсоор бүртгүүлжээ. Бүртгэлтэй, ажилгүй иргэдийн 58 орчим хувийг 34 хүртэлх насныхан эзэлж байна. Үлдсэн 55 000 орчим хүний хэд нь халамж, тэтгэмжид дулдуйддаг тэжээвэр болохыг таашгүй. Энд нэг зүйлийг учирлахад, сүүлийн нэг жил гаруй хугацаанд дэлхийн хэмжээнд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ажилгүйдэл, ажлын байрны цомхотгол их байгаа учраас тухайн цаг үеийн шинэ статистикийг чухалчилсангүй. Нөгөөтээгүүр, халамжид дурлах болсонд цар тахал нөлөөлөөгүй гэж үзлээ.
Хувиараа ажил олгогч нэгний албан бус мэдээллээс эш татвал, өнгөрсөн намар ажил хайж бүртгүүлсэн иргэдийн болон санал болгосон ажлын байрны тоо бараг давхацсан гэнэ. Тодруулбал, ажлын байрны тоо нэг мянгаар дутуу байжээ. Гэтэл хамгийн хачирхалтай нь, энэ хоёр тоо огт огтлолцохгүй байгаагийн учир юу вэ. “Өдрийн 50 мянган төгрөгийн цалингаас гадна хоолтой” гэсэн ч ажиллах хүч олдохгүй байгаа талаар нийгмийн сүлжээгээр өч төчнөөн зар “тэнэж” л байдаг. Ялангуяа биеийн хүч, хариуцлага шаардсан ажилд монголчууд дургүй болсон гэж ажил олгогч нэг залуу егөөдсөн. Барилгын засал хийдэг тэрбээр “Баг бүрдүүлэхээр хүмүүстэй ярилцахад хамгийн түрүүнд цалингаа асуудаг. Зарим нь таван үгийн солиогүй шууд л “Бохины мөнгөөр ажиллахгүй” гэж “томордог” гэв. Монголд, ялангуяа Улаанбаатарт ажлын байр хангалтгүй гэдгийг үгүйсгэхгүй ч ажил олдохгүй гэсэн үг биш хэмээн тэрбээр онцлоод, хүмүүс ажилд “харшилтай” болсон нь халамжаар бөмбөгддөг төрийн “нялуун” бодлогын урхаг гэж шүүмжиллээ.
Цар тахлын улмаас хотод ажлын талбар нь хумигдсан учраас мах бэлтгэхэд нь ах, дүүсдээ туслахаар орон нутгийг зориод ирсэн өөр нэг залуу “Малын дайвар цэвэрлээд авах хүн олдохгүй ямар гачлантай болчихсон юм бэ. Аймгийн төвд, малгүй айлынхныг гуйгаад ядлаа. Зүгээр ав гэсэн ч ирэхгүй юм. Хийж гийгүүлсэн ажилгүй, гурван хүүхэдтэй тэднийх яаж болгодог нь үнэндээ оньсого” гэж халаглав.
Монголд, ид хөдөлмөрлөх насныхан тогтвортой ажиллах хүсэлгүй болж байгаа нь хүүхдийн мөнгө, хүнсний талон, хандив, тусламж, хөнгөлөлт зэрэг өч төчнөөн “хишиг”-ээс улбаатай. Ингэж алгаа тосдог тэжээврийн арми сүүлийн жилүүдэд хүрээгээ тэлсээр, бүтэн үеэрээ “ангаахай” болчихлоо. Болчихлоо биш, болгочихлоо гэх нь зөв байх. 30 гаруй настай эхнэр, нөхөр хоёр ажил эрхэлдэггүй хэрнээ гурван хүүхдээ өлсгөхгүй, сүрхий авч яваа талаар саяхан нэг хүн цахим хуудсаараа жиргэсэн байна лээ. “Мундаг” байгаа биз. Эрүүл, саруул хэрнээ хуруугаа ч хөдөлгөхгүйгээр татвар төлөгчдийн мөнгөөр амьдардаг энэ мэт тэжээврийн арми бий болгосон төр одоо халамжийн бодлогоо цэгцлэхгүй бол горьгүй нь.
2013 оноос хэрэгжүүлж буй хүнсний талон олгох хөтөлбөрт өдгөө улсын хэмжээнд 44 325 өрх хамрагдаж байна. Энэ бол Засгийн газраас олгодог 72 төрлийн халамжийн нэг нь л юм. Энэ оны эхний есөн сарын байдлаар төр халамжийн үйлчилгээнд 1.7 их наяд төгрөг буюу улсын жилийн төсвийн нийт орлогын гуравны нэгийг зарцуулжээ. Албаныхны мэдээллээр, манай хүн амын 60 хувь нь их, бага хэмжээгээр нийгмийн халамж хүртдэг. Халамжийн үйлчилгээ өсөхийн хэрээр ажилгүйдлээс үүдэлтэй ядуурал өсдөг буюу эдгээр нь урвуу үйлчлэлтэй болох нь олон улсад хэдийн нотлогдсон гашуун “туршлага”. Гэтэл манай төр иргэдээ “угжих” бодлогоо улам хөгжүүлсээр байгааг юу гэж ойлгох вэ.
Дэлхийн болон Азийн хөгжлийн банкны судалгаанд дурдсанаар, Монголын нэг иргэн зарим тохиолдолд гурав хүртэл төрлийн халамж хүртээд, сардаа дунджаар 1.5 сая төгрөгийн “орлоготой” байна. Эдийн засагчдын онцолсноор, нийгмийн халамж нь тодорхой бодлого, зорилттой байх ёстой. Харамсалтай нь, манайд үүнийг улстөрчид өөрийн “хэрэгсэл” болгон ашиглах болсон нь энэ мэтээр ажил хийдэггүй хэрнээ өндөр “цалинтай” ядуучуудыг төрүүлж байна. Үүний уршгаар хөдөлмөр үнэгүйдэж, халамжийн үйлчилгээнд дулдуйдах нь хэвийн үзэгдэл болжээ.
Энэ онд нийгмийн халамжийн тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 17.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Тэтгэврээс гадна шүү дээ. Уг нь нийгмийн халамж нэмэгдэх нь хэрэгцээтэй хүндээ чухал ч гэлээ хэт хавтгайруулаад байгаад л бухимдаад байна. Төрийн мөнгө гэж байхгүй татвар төлөгчийнх л гэж бий учраас ийнхүү бухимдаад байгаа юм.
Одоо больё, тэжээвэр хүмүүст хариуцлага тооцдог болъё. Ажил, хөдөлмөр хийгээгүйнх нь төлөө татвар ногдуулъя. Ажиллаж, баялаг бүтээж, хөлсөө дуслуулсан нь татвар төлдөг шиг ажил хийгээгүйнх нь төлөө татвар ногдуулдаг болбол ямар вэ. Тодорхой хэлбэл, бэлэнчлэх сэтгэлгээний системээ засахгүй бол монголчууд Америкийн уугуул индианчуудын хувь тавиланг давтахад ойрхон байна. Бид нийгмийн халамжид зарцуулдаг мөнгөөрөө Номхон далайн бүс нутгийн орнуудаас түрүүлж явна. Удахгүй дэлхийд дээгүүрт давхихыг үгүйсгэхгүй, ийм байдлаараа явбал.
Нийгмийн халамж нь орлогын дайсан гэж үздэг англичууд тогтвортой ажлын байрыг чухалчилдаг бөгөөд нэг газарт удаан хугацаанд ажилласан тохиолдолд урамшуулах тогтолцоотой юм байна. Энэ бол өнөөгийн дэлхийн чиг хандлага буюу биднээс бусад нь халамжийг тогтвортой амьжиргаа гэж үздэггүй.
Гэтэл бид үүнээс урвуу хамааралтай туучсаар. Иргэдийг угжтай нярай шиг байлгах хувийн сонирхлоо төрийн өндөр албан тушаалаар дамжуулан хэрэгжүүлдэг увайгүй явдал манайд хэвийн үзэгдэл болсныг хөдөлмөрөөс хойш суудаг хэдэн мянган “ангаахай” гэрчилнэ. Ийм байдал алсдаа үндэстнийг ч үгүй хийх нигууртай. Нийтээрээ амаа ангайсан, тарчиг ядуу байхад хөгжлийн талаар, ирээдүйн тухай яриад ч хэрэггүй.
Хүн хөдөлмөрлөснийхөө хэрээр сайхан амьдарч, урагшилдгийг Азийн бар Сингапур улс үлгэрлэж явна. Жижигхэн арлын орныхон ажлын үндсэн найман цагаасаа гадна гурван цаг илүү хөдөлмөрлөдөг юм гэсэн. Хэдийгээр хууль, тогтоомж болгон батлаагүй ч сингапурчууд үүнийг ягштал биелүүлдэг бөгөөд илүү цагаар ажилласан хөдөлмөрийнхөө хөлсийг улсынхаа хөгжилд хандивладаг ажээ. Хөгжилд ингэж л хүрдэг юм байна. Гэтэл бид ажлаас хойш суугаад, алгаа тосон, халамж горьддог тэжээврийн тогтолцоо руу баяр баясгалантайгаар алхаж явна.
Эцэст нь хэлэхэд, ажил, хөдөлмөр эрхлэхгүй “амар жимэр” амьдрах хүслийг хүмүүст төрүүлж, өдөж, гал өрдөөд байгаа гажиг бодлогоо төр, засгийнхан болиогүй цагт Монгол Улс халамж хэмээх өлгийнөөс хэзээ ч салахгүй. Тэгэхээр ажил хийхийг хүсэхгүй байгаагийнх нь төлөө татвар авдаг хууль санаачлаач УИХ-ын эрхэм гишүүд ээ. Ийм эрүүл сэтгэлгээний төлөө нийгэм таныг дэмжих нь гарцаагүй.