Авто замын хилийн боомтууд болон Дорноговь аймгийн Замын-Үүд болон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар өртөөний төмөр зам хэвийн ажиллаж байна. Дархан, Орхон аймаг дахь гаалийн газруудын гүний хяналтын бүсүүдэд зэсийн баяжмал, төмрийн хүдэр болон баяжмалын ачилт, гаалийн бүрдүүлэлт мөн хэвийн горимоор хийж буйг ГЕГ-аас мэдээллээ. Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн хяналтын бүсүүдэд төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүний экспорт, импортын бүрдүүлэлтийн ажил хэвийн явуулж байгаа аж. Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан Гаалийн байгууллагын бэлэн байдлыг ханган 2020 оны өчигдрийн 14.00 цагийн байдлаар нийт 215 гаалийн улсын байцаагч ажиллаж байна. Албан хаагчдад хамгаалах хэрэгслийн нөөцөөр ханган ажиллаж байгаа ба албан хаагчдын бие бүрэлдэхүүн, хамгаалах хэрэгслийн нөөцөд анхаарч хариуцлагатай жижүүрийг өдөр бүр ажиллуулж, мэдээ мэдээллийг тогтмол авч, хяналт тавьж байгаа гэнэ. Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын албан хаагч нараас коронавирусын сорьцын шинжилгээг авсан бөгөөд шинжилгээний хариу бүгд сөрөг гарлаа.