Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Хүүхэд хамгааллын мэргэжлийн анги” шуурхай хуралдлаа. Уг хурлаар хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, тусламж дэмжлэг үзүүлэх чиглэлээр дараах шийдвэрийг гаргажээ. Тодруулбал, аймаг нийслэл, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хэлтэс, харьяа байгууллагын дарга нарт иргэний андгай өргөх ёслол хийх, “Оны онцлох хүүхэд” шалгаруулах, Харшийн сүлд модны наадам зохион байгуулах зэрэг төлөвлөгөөт ажлуудаа цуцлахыг даалгалаа. Мөн хүүхдийн асрамж, халамжийн төв болон хохирогчид аюулгүй байдлын хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээний төвийн хоол хүнс, бараа материал, цалингийн сангийн нөөцийг тодорхойлж, шийдвэрлэх, хүчирхийлэлд өртөж хохирсон, аюулгүй байдлын хамгаалалтын үйлчилгээ авах шаардлагатай хүүхдийг хүлээн авахдаа харьяаллын Эрүүл мэндийн төвд үзлэг, оношилгоонд хамруулах, томуу, томуу төст өвчин, бусад халдварт өвчин туссан хүүхдийг эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамруулах үүрэг өглөө. Үүнээс гадна онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор тус газар 0-5 настай хүүхэдтэй албан хаагчдадаа цалинтай чөлөө олгохоор болжээ. Улмаар бусад төрийн болон төрийн бус байгууллагуудад хандан 0-5 настай хүүхэдтэй албан хаагчиддаа чөлөө олгохыг уриалсан юм. Түүнчлэн хөл хорио тогтоосон үед архидан согтуурч, хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхаарууллаа. Мөн хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй тохиолдол бүрийг 108 дугаарын утсанд мэдэгдээрэй гэв.