Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох гомдлыг өнөөдөр хэлэлцжээ. Шүүх хурлаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос гаргасан Э.Оюунболдыг аварга цолыг хураах саналыг зөв гэж үзжээ. Гэхдээ түүний барилдах эрхийг хэвээр үлдээх тогтоол гаргасан байна. Мөн түүнд унасан бөхчүүдийн чимэг цолыг нөхөн олгох ёстой хэмээн шийдвэрлэв. Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс Э.Оюунболдын аварга цолыг хураах нь зөв гэсэн шийдвэр гаргаж байсан билээ. Өөрөөр хэлбэл, Э.Оюунболд сэргээш хэрэглэн, наадмын түрүү авсныг гурван шатны Захиргааны хэргийн шүүх нотоллоо. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооныхон өнгөрсөн оны аравдугаар сарын 24-нд хуралдаж, 08 дугаартай “Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргасан. Тус тогтоолд Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, барилдах эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэж, түүнд өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтсон байдаг. Э.Оюунболд дээрх шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд нэхэмжлэл гаргасан ч гурван шатны шүүх түүний цол чимгийг хураах саналыг зөв гэж үзэв.