Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё ирэх сарын 8-нд эхэлнэ. Монголын 20 сүмоч зургаан зиндаанд барилдахаас макүүчи зиндааг 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд нар тэргүүлж, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ комүсүби цолтой анх удаа барилдана. Кирибияама Б.Лхагвасүрэн маэгаширагийн нэгдүгээрт, Тамаваши Б.Мөнх-Оргил зургадугаарт, Хошорюү С.Бямбасүрэн болон Ичиножёо А.Ичинноров нар 13-т, Чиёошома Мөнхсайхан маэгаширагийн 16-д тус тус эрэмбэлэгдсэн байна. Жүрёо зиндаанд Азүмарюү С.Тодбилэг долдугаарт, Кёокүшүхо Т.Эрдэнэбаатар аравдугаарт, Миторюү Б.Төрболд 11-т тус тус жагсжээ. Тэгвэл Макүшита зиндаанд Дайшохо Шижирбаяр макүшитагийн нэгдүгээрт эрэмбэлэгдэн Сакигакэ Баттүшиг долоо, Тамашохо Энхманлай 10, Хокүтэнкай Сүхбат 15, Ёошояама Анхбаяр 45-д тус тус бичигдэв.