“23 storms”, “Хан-Уул хангарьд” багийн хүрэл медалийн төлөөх тоглолт Фотог В.ТҮМЭНБАЯР
Монголын сагсан бөмбөгийн 2019- 2020 оны “Дээд лиг”-ийн улирлын аварга шалгаруулах цуврал зургаа дахь тоглолт Спортын төв ордонд өчигдөр боллоо. Хүрэл медалийн төлөөх гал гарсан сонирхолтой тоглолт “23 storms”, “Хан-Уул хангарьд” багийн хооронд өрнөх болохоор аль алиных нь хөгжөөн дэмжигчид хэдийн цуглаж, суудлаа эзэлсэн байв. Өнгөрсөн даваа гарагт болсон тав дахь тоглолтод “Алдар танан гарьд” багийнхан “SBL хасын хүлгүүд”- ийг 80:69-өөр илүүрхэн буулгаж авсан билээ. Туршлагатай тамирчидтай тус багийнхан цувралыг 3:2-оор тэргүүлж эхэлсэн юм. Танхимд хүмүүс хөл тавих зайгүй болж тоглолтын талбай руу түрж орсон тул энэ удаа энгийн суудлын тасалбарын үнийг 20, VIP суудлынхыг 40 000 мянган төгрөг болгон нэмж, үзэгчдийн тоог хязгаарлажээ. Гэсэн ч үзэгчдээр ордон дүүрчээ. О.Баярцогт дасгалжуулагчтай, Г.Баттөр ахлагчтай “23 storms” багийнхан Ц.Азбаяр, Д.Мөнхтүвшин, Т.Их-Уул, Д.Дөлгөөнмөрөн гээд туршлагатай тоглогчтой бол Ш.Сэдбазар дасгалжуулагчтай, Б.Билгүүн ахлагчтай “Хан-Уул хангарьд”-д Ц.Сэргэлэнбаатар, А.Ган-Эрдэнэ, О.Сэргэлэнбаатар, С.Золжаргал гээд хүчтэй өрсөлдөгч бий. Энэ удаагийн тэмцээнд хоёр багийнхан тоглолтын гурван үед хүч тэнцүү үзэлцсэн ч төгсгөл хэсэг рүү тэмцээн гал гарсан өрсөлдөөнтэй болсон юм. Тоглолтын дөрөвдүгээр үед “Хан-Уул хангарьд”-чууд хожлыг гартаа авч, тоглолтыг тэргүүлэн өрсөлдөгчөө 94:101 онооны илт давуугаар хожиж, хүрэл медаль хүртлээ. Өнгөрсөн жил тэд “Дээд лиг”-т хүрэл медалийн эзэн болсон амжилтаа энэ удаа мөн давтав. Багийнхаа ахлагчаас гадна 17 настай А.Ган-Эрдэнэ сонирхолтой тоглолтуудыг гаргаж үзэгчдийг алмайруулан, багаа тэргүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн юм. Түүнээс хэрэгтэй үед багтаа хожлыг авчирч чаддаг гайхалтай ур чадвар, мэдрэмж харагдсан. Тоглолтын туршид тус багийнхны шидэлт тун оновчтой, онцгой байсан гэж хэлж болно. Тэр дундаа багийн ахлагч Б.Билгүүн нуруу намхан ч тоглолтын бусад хэсгийг дайчин тоглолт, ур чадвараараа нөхөж чаддаг нь ажиглагдав.
“23 storms”-ын тоглогчдоос Д.Дөлгөөнмөрөн, Г.Тамир нар таван удаа алдаа гаргаж, үзэгчдийн суудалд шилжихэд эсрэг багийнхан тоглолтын салхийг хожил руу эргүүлэв. Энэ жил цар тахлын улмаас багууд легионер тамирчингүй тоглож, сагсан бөмбөгийн талбарт өөрсдийгөө хэр авьяас, мэдрэмжтэй вэ гэдгээ тоглолтоороо харууллаа. Сонины дугаар шилжих мөчид “Дээд лиг”-т олон жил тоглосон мөнхийн өрсөлдөгч болох “Хасын хүлгүүд”, “Алдар танан гарьд” багийн тоглолт өрсөлдөөнтэй эхэлсэн юм.