“УНГАР-2020” жүдо бөхийн “ИХ ДУУЛГА” тэмцээний хоёр дахь өдөр Монгол Улсын иргэншил аваад нэг жил болж буй Саиед Моллай хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр Монгол Улсын нэрийн өмнөөс “Чиндао-2019 WORLD MASTERS”, “Дюссельдорф-2020” тэмцээнүүдэд оролцсон ч медаль хүртэж чадаагүй байсан юм. Харин энэ удаад цар тахлын үед бэлтгэлээ алдалгүй сайн барьж, гурав дахь тэмцээндээ шагналын тавцанд зогссон байна. С.Моллай -81кг-ын жинд "D" хэсгийг толгойлон барилдаж, эхний даваандаа өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Туркийн Мухаммед Кочийг 2:58 минутад цэвэр ялсан юм. Удаах тойрогт энэ оны Дюссельдорфийн “Гранд слам”-ын хүрэл медальт Шведийн Робин Пачекийг 2:31 минутад буулгаж авсан бол хэсгийн аваргын төлөө Францийн 23 настай Николас Чилардийг цэвэр ялан хагас шигшээд шалгарлаа.
Франц залуу өмнөх даваандаа тэмцээний гол “фаворитуудын” нэг ОХУ-ын Аслан Лаппинаговыг буулгаж аваад байсан бол С.Моллай түүнийг ялахдаа 1:21 минутыг зарцуулсан байна. Гэвч “Моли” хагас шигшээд “Лондон-2012” олимпийн хүрэл, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт Канадын Антуан Валуй-Фортьерт ялагдлаа. Барилдааны эхэнд Моллай өөрийн дархан өмсөх мэхээрээ вазари үнэлгээ авсан ч хоёр удаа вазари үнэлгээ алдаж ялагджээ. Улмаар хүрэл медалийн төлөө Осака, Дюссельдорфын “Гранд Слам”-уудад ялагдаад байсан Нидерландын Франк Де Витийг тосгуулж хавирах мэхээр “иппон” буулгалаа. Ингэснээр Монгол Улс Унгарын “Их дуулга”-аас хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай 61 орноос 12-т эрэмблэгдэж байна.