“Тоон гарын үсгийн цахим хэрэглээ, төрийн байгууллага хоорондын албан бичиг солилцоо” сэдэвт хэлэлцүүлгийг УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос өчигдөр зохион байгууллаа. “E Mongolia” төслийн талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, “Төрийн байгууллагад ашиглаж байгаа албан бичгийн программ хангамж” сэдвээр ЗГХЭГ-ын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Л.Тамир нар танилцуулав. Мөн Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн хэрэгжилт, цахим албан хэргийг хэрхэн хөтөлж буй талаар Архивын ерөнхий газар (АЕГ)-ын дарга С.Энхбаатар мэдээлэл өглөө.
Иргэд төрийн үйлчилгээг авахын тулд замын түгжрэл, албан хаагчдын хүнд суртал, цаг хугацаа их зарцуулах зэрэг хүндрэлтэй тулгардгийг Б.Болор-Эрдэнэ онцолсон. Тэрбээр “Иргэн оршин суугаа хаягийн тодорхойлолт авахын тулд дунджаар хоёр цаг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Мөн шаардлагатай баримт бичгээ яаралтай шийдвэрлүүлэхийн тулд “гар цайлгах”, авлига өгдөг тохиолдол оршсоор байна. Фэйсбүүкт “Төрийн тэр байгууллагад таньдаг хүн байна уу” гэсэн зар түгээмэл. Одоогоор төрийн байгууллагын 44 сайт, аппликэйшн бий. Тэдгээрийг иргэд тус бүрээр нь хайж олсны дараа өөрт хэрэгтэй үйлчилгээг авдаг. Тэгвэл “E Mongolia” төслийн хүрээнд төрийн бүх үйлчилгээг нэг цонхноос үзүүлдэг болно. Өөрөөр хэлбэл, иргэн төртэй гар утсаараа харилцах юм” гэв. Дээрх цонхонд иргэд нэвтрэн, үйлчилгээ авахад мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс танилтын систем нэвтрүүлж байгаа гэнэ. Тодруулбал, иргэн банкны системээр баталгаажуулж, уг цонхонд хандах аж. Цаашид цахим шилжилтийг үе шаттайгаар хийх бөгөөд 2024 он гэхэд тухайлбал, иргэний гадаад паспортын хугацаа нь дуусах дөхөж буйг өөрт нь мэдээлдэг болох нь. Дээрх төслийн хүрээнд Өгөгдөл хамгаалах, Мэдээллийн аюулгүй байдлын, Төрийн цахим харилцааны тухай хуулийг холбогдох албаныхан боловсруулж байгаа юм. Төрийн захиргааны төв байгууллагууд нэг өдөрт 250-300 мянган хуудас цаас ашигладаг аж. Үүнд 250 мянган төгрөг зарцуулдаг байна.
АЕГ-ын дарга С.Энхбаатар “Архивын тухай шинэчилсэн хуульд төрийн мэдээллийн сан үүсгэх, архивын баримтаа цахим хэлбэрт шилжүүлэх, аюулгүй байдлыг хангахад хяналт тавих, баримт бичгийг тоон гарын үсгээр баталгаажуулахтай холбоотой өөрчлөлт тусгасан. Төрийн 37 байгууллагад хадгалж байгаа архивын 21 сая баримтыг цахимжуулсан. Энэ нь манайд буй нийт цаасан баримтын дөнгөж 15 хувь нь. Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг өнгөрсөн жил явуулсан. Үүнд 4544 байгууллагыг хамруулснаас 1058 нь л албан хэрэг хөтлөлтийн программ хангамжийг ашиглаж байсан” хэмээв.
Дараа нь хэлэлцүүлэгт оролцогчид санал, бодлоо солилцсон юм.
Г.Амартүвшин (УИХ-ын гишүүн):
-Төрийн байгууллагын ажил хуучинсаг байна. Сингапур улс худалдааныхаа урсгалыг багасгахгүйн тулд бүх үйл ажиллагаагаа дижитал хэлбэрт шилжүүлж эхэллээ. Австрали, Шинэ Зеланд бусад орны төрийн системтэй холбогдож, худалдааны төлбөр тооцоогоо тоон гарын үсгээр хийж байна.
Б.Ууганбаяр (“Интерактив” компанийн захирал):
-Засгийн газар хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нэгдсэн платформ хөгжүүлэх ажлаа сайн хийх ёстой. Мэдээллийн технологийн чиглэлээр гаргах ёстой стандартуудыг сүүлийн 20 гаруй жилд хэрэгжүүлээгүйгээс болж өнөөдөр ийм хүндрэлтэй бид тулгарч байна. Тиймээс холбогдох хууль, стандартыг баталж өгвөл хувийн хэвшлийнхэн өрсөлдөж, сайн шийдэл дэвшүүлэх боломжтой.
Н.Учрал (УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга):
-Төрийн байгууллагууд хоорондоо цаас солилцдогоо болих хэрэгтэй. Төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс шаардах ёсгүй. Монгол Улс Цахим гарын үсгийн тухай хуультай. Тэр гарын үсгийг сим, иргэний үнэмлэхэнд нь суулгаж өгвөл тамга тэмдэг даруулах шаардлагагүй болно. Арванхоёрдугаар сар гэхэд цахим шилжилттэй холбогдох хуулиудыг батална. Цахим гарын үсэг олгодог хувийн хэвшлийнхнийг аттестатчлах шаардлагатай.
Б.Болор-Эрдэнэ:
-Тоон гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилт маш хангалтгүй байгаа. Өнөөдөр 20 мянган хүнд л тоон гарын үсэг өгчихөөд байгаа нь ичмээр. Тэгэхээр “E Mongolia”-гийн хүрээнд бүх хүнд тоон гарын үсэг өгмөөр байна. Тоон гарын үсгийг иргэдэд үнэтэй өгөх үү гэх асуудал тулгарна. Тэгэхээр тоон гарын үсгийг яаж хүртээмжтэй болгох вэ гэдэг талаас байгууллагууд анхаармаар байна. Бэлчээрт байгаа малчин тоон гарын үсэг хэрэглэх боломжийг хэрхэн бүрдүүлэх вэ. Тэр хүн ганц баримтаас болж сумын төв рүүгээ явах шаардлагагүй. Хувийн хэвшил, төрийн байгууллагууд энэ талаас нь харж, анхаарч ажилламаар байна.
Б.Сүхбаатар (ХНХЯ-ны интернэт үйлчилгээний ахлах шинжээч):
-Цахим шилжилттэй холбоотой, Засгийн газрын өмнөх тогтоолыг эргэж хармаар байна. Жишээлбэл, 2012 онд төрийн байгууллагуудын комьпютерыг интернэтээс салгах тухай Засгийн газрын тавдугаар тогтоол гарсан. Энэ тогтоол одоо болтол хүчинтэй. Гэтэл бид интернэтэд суурилж төрийн үйлчилгээг хүргэж байгаа. Мөн төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд аудит хийхдээ зөвхөн цаасан материал л шалгадаг. Цахим материал хүлээж авдаггүй. Тэгэхээр аудитын хуулиа эргэж хараад цахим материалыг хүлээн зөвшөөрмөөр байна.
Бэлтгэсэн: Б.Нандин