Нью-Йорк хотноо есдүгээр сарын 22-нд “Бидний хүсэж буй ирээдүй, бидэнд хэрэгтэй НҮБ, Олон талт хамтын ажиллагааг даган мөрдөх хамтын үүрэг амлалтаа дахин нотлох нь” сэдвийн хүрээнд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес хэлсэн үгэндээ хүн төрөлхтөн дэлхийн геостратегийн зөрчилдөөн, уур амьсгалын өөрчлөлт, үл итгэлцэл, цахим технологийн сөрөг үр дагавар, КОВИД-19 цар тахал зэрэг таван сорилттой тулгарч байгааг онцлов. 2020 оны гуравдугаар сард түүний санаачилсан “Дэлхий нийтээр гал зогсоох уриалга”-д 180 улс нэгдсэнийг мэдээлэн, дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрний хооронд зөрчил маргаан лавшрах төлөвтэй байгаад санаа зовинож буйгаа илэрхийллээ.
COVID-19 цар тахлын эсрэг тэмцэхэд ДЭМБ манлайлах үүрэгтэй гэж мэдэгдэв. НҮБ-ын ЕА-н 75 дугаар чуулганы дарга Волкан Бозкир хэлэхдээ олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, НҮБ-ын хүмүүнлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зэргийг энэ удаагийн чуулганы тэргүүлэх чиглэлүүд болгон ажиллахаа мэдэгдэж, КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд НҮБ-ын агентлагууд, түүний дотор ДЭМБ-ын хүч чармайлтыг нэмэгдүүлэх ёстойг онцлон, цар тахал, ядуурал, тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт болон бусад сорилттой үр дүнтэй тэмцэхийн тулд НҮБ-ын чадавхийг бүрэн ашиглаж, хамтран ажиллахыг гишүүн улсуудад уриалсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн өнөөдрийн хуралдаанд үг хэлж, манай улсын олон улсын харилцааны асуудлаарх байр суурийг илэрхийлж, гадаад бодлогын зорилт, чиглэлүүд, “КОВИД-19” цар тахлын эсрэг нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулах байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл 9 дүгээр сарын 22-29-ний өдрүүдэд үргэлжилнэ хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдэлллээ.