Номын баярын өдрийг бүх нийтээр амралтын өдөр болгох хуулийн төсөл санаачилжээ. Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барьсан байна.
Хууль санаачлагчид энэ тухай тайлбарлахдаа "Манай улсын хувьд 2000 оны эхэн үеэс эхлэн зарим төрийн бус байгууллагууд санаачлан “Үндэсний номын баяр”-ыг тэмдэглэж ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 онд зарлиг гаргаж, жил бүрийн есдүгээр сарын 3 дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баярын өдөр” болгон улс орон даяар тэмдэглэж байхаар болсон байна.
Монголын зохиолч, хэвлэн нийтлэгчид болон уншигчид энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож, жилээс жилд хүрээгээ тэлсээр өдгөө иргэд, хүүхэд, залуусын хүсэн хүлээдэг өдрийн нэг болоод байгаа юм. Тиймээс иргэдийн хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлага, нийгмийн соён гэгээрлийн сайн сайхны төлөө “Үндэсний ном, бичиг соёлын өдөр”-ийг хууль тогтоомжоор баталгаажуулан тэмдэглэх нь чухал ач холбогдолтой гэж үзэж, энэхүү хуулийн төслийг боловсруулсан" гэв.