Монголын газар зохион байгуулагчдын холбооны Гүйцэтгэх захирал, доктор, ХААИС-ийн дэд профессор С.Сайнбаяртай ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд газрын салбар хууль эрх зүйн хувьд сүрхий бэхэжсэн гэж нэг талаасаа хэлж болно. Газрын асуудлаар цоо шинэ эрх зүйн ойлголт бий болсон. Газар өмчлөх хууль хэрэгжсэн гээд олон зүйлийг дурдаж болно. Энэ салбарын мэргэжилтний хувьд газар түүний эрх зүй, нийгмийн харилцааны талаар эхлээд тодруулахгүй юу?
-Газар бол хүн төрөлхтөний амьдралын үндэс. Улс орон оршин тогтнох үндэс. Энэ талаасаа төр, улсын хамгийн чухал зүйл. Монголчууд олон зууны тэртээгээс газрыг этүгэн бор газар гэж сүслэн залбирч хүндлэн дээдэлсээр ирсэн ард түмэн. Энэ бол нүүдэлчдийн өвөрмөц хэв маягийн амьдрал нь нөлөөлсөн байх гэж боддог.
Ер нь нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөнтэй холбогдон газрын эрх зүй, хуулийн шинэчлэл хийгдсэн гэж болно. 2002 онд газрын багц хуулийг боловсруулж тухайн үеийн УИХ-аар баталсан байдаг. Хорь шахам жил өнгөрөхөд энэ багц хуулийг шинэчлэн сайжруулах шаардлага зүй ёсоор гарч байгаа ч хэд хэдэн удаагийн УИХ дамжин хойшлогдсоор өдий хүрлээ. Газрын салбарын өмнө цаг үеийн нөхцөл байдлаас болсон эрх зүйн тулгамдсан асуудал их байна. 2002 оны газрын тухай багц хууль нь газрын үнэ цэнэ, эрх зүйн харилцааны хөгжлийн өнөөдрийн нөхцөл байдлыг сайн урьдчилан харж чадаагүй, өөрчлөлт шинэчлэлтийн явцад зохицуулах олон асуудал гарсаар байна. Монгол улсын үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан газрын багц хуулинд зайлшгүй өөрчлөлт оруулах хэрэгтэй.
Газрын эрх зүйн зохицуулалт, эзэмших эрх, үнэ цэнэ, тэгш байдал, газрын эрх олгогчдын зохисгүй үйл ажиллагаа, зориулалтын бус газар ашиглалт гээд олон хуулиар хатуу зохицуулах шаардлагатай асуудлууд гарч ирж байна. Эдгээр асуудлуудыг хуульд тусгаж зохицуулахгүй бол орчны бохирдол, түгжрэл, эмх замбараагүй байдал, газрын маргаан, зөрчил, газрын доройтол зэрэг нь эрчимжиж улмаар үндэсний аюулгүй байдалд ч сөрөг нөлөөлөх нөхцөл үүснэ. Эрх зүйн шинэ орчныг бүрдүүлж, энэ алдаа дутагдлуудыг арилгахад орон нутгийн иргэдийн санал санаачилга, мэргэжилтэй боловсон хүчний ур чадвар, УИХ, засгийн газрын бодлогын дэмжлэг их чухал.
-Та бол газрын мэргэжилтэн. ОХУ-д энэ мэргэжил эзэмшиж эрдэмтэн болсон. Мэргэжилтний нүдээр харахад монгол улсад газрын хуулийн хэрэгжилт, эрх зүй ямар түвшинд явж ирлээ гэж боддог вэ?
-Өнгөрсөн хугацаанд газрын салбарын эрх зүй , үйл ажиллагаа төлөвлөлтийн бус аргаар явсан нь зөрчил гажуудлыг бий болгосон. Энэ гажуудал нь дээр дурьдсан асуудлуудыг үүсгэж улмаар иргэдийн амьдрал, эрүүл мэндэд шууд нөлөөлж байна. Мөн түүнчлэн газар олголтонд зарим тохиолдолд тэгш бус зарчим үйлчилж байна. Тухайлбал иргэд хуулиа мэдэхгүйгээс хоцрох, өргөдөл, хүсэлт гаргахгүй байх, мэдээлэлд ойр, мөнгө, эрх мэдэлтэй хүмүүс нь давуу байдалтайгаар газар авах хандлага зэрэг нь бүгд л эрх зүйн доголдлоос үүдэлтэй. Авилга цэцэглэн хөгжих нэг том үндэс газрын наймаа болж хувирсан. Мэргэжилтний зүгээс харахад ч, олон улсын практикт ч газрын харилцаа нь хоёр чиглэлээр л зохицуулагддаг. 1-рт төлөвлөлтөнд суурилсан газрын харилцаа, 2-рт нь бүртгэл, эрх зүй, эдийн засаг дээр суурилсан газрын харилцаа гэж үздэг. Миний хувьд бол төлөвлөлтөд суурилсан газрын эрх зүйн харилцааг түлхүү судалсан. Энэ чиглэлийг баримталдаг хүн. Монгол орны тухайд төлөвлөлтөд суурилсан газрын харилцаа илүү тохиромжтой. Тухайлбал төлөвлөлтийг шинжлэх ухааны үндэстэй, мэргэжлийн түвшинд хийсэн сум төлөвлөлт хийгдээгүй сумаас 30-40 хувь илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэдгийг судалж тогтоосон. Ирээдүйд учирч болох эрсдэлээс 100 хувь хамгаалагдана.
-Өөрөө газрын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх сургуульд багшилж байна. Танай бэлтгэж байгаа мэргэжилтэн цаг үеийн эрэлтэд нийцэж ажиллаж чадах мэдлэг, ур чадвартай болж чадаж байгаа юу?
-Миний тухайд ОХУ-д газрын салбарт дээд боловсрол эзэмшиж, мөн эрдмийн зэрэг хамгаалсан. 2009 онд хамгаалж ирээд л багшилсан. Тэр үед газрын мэргэжилтэн гэхээр их өөр ойлголттой байлаа. Зөвхөн газрыг өгдөг, хуваадаг хүн л гэж ойлгодог байсан. Үнэндээ бол тийм биш. Жинхэнэ газрын мэргэжилтэн гэдэг хүн газраа мэддэг, судалдаг, төлөв байдал, чанарт суурилан зориулалтыг нь тодорхойлдог түүндээ үндэслэн тооллого бүртгэлийг нь хийсний үр дүнд тохирсон газрын бодлого боловсруулж, төлөвлөлт, олголтыг хэрэгжүүлэх чадвартай байх ёстой. Ингэж байж сая жинхэнэ мэргэжлийн газрын мэргэжилтэн болж чадна.
Ийм мэргэжилтэн л газраа үнэлж, хянаж, хамгаалж, нөхөн сэргээж, эдийн засгийн хувьд үр ашигтай, экологид ээлтэй ашиглах боломжийг бүрдүүлж чадна гэсэн үг. Мөн түүнчлэн ашиглахаас нөхөн сэргээх хүртэл зохистой төлөвлөлт хийж чадна. Энэ бүхэнтэй уялдуулаад манай тэнхим сургалтын хөтөлбөрөө гурван удаа шинэчилсэн. Өнөөдөр манай сургуулийн бэлтгэж байгаа мэргэжилтнүүд салбарынхаа дээрх асуудлуудыг шийдэж чадах хэмжээний боловсон хүчин болж чадаж байгаа гэж хэлэх бүрэн үндэстэй. Учир нь улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн газрын салбарын анхны хөтөлбөр юм. Манай төгсөгчид газрын тооллого, хянан баталгаа, төлөвлөлт, нөхөн сэргэлтийн ажлаа цогцоор нь хариуцаад ажиллаж байна.
- Бид хоёр газрын салбарын хууль, эрх зүй, бодлого чиглэл гээд нэлээд алсаас даяллаа. Сая та боловсон хүчин бэлтгэж байгаа талаар, газрын мэргэжилтэн гэж хэнийг хэлэх талаар ярилаа. Тэгвэл танай сургууль Улаанбаатар хотын хамгийн онцгой бүсэд оршдог. Дэлхийн анхны дархан цаазат уулсын хормой бэлд байна. Өөрөө энд ажиллаж, амьдарч байна. Энэхүү хамгаалагдсан газарт шунах сэтгэлтэн олон болж, газрын тухай хуулийн хэрэгжилтийг уландаа гишгэсэн тохиолдол их боллоо. Яах ёстой юм бол?
-Юуны өмнө эрхтэн дархтнуудаасаа эхлээд энгийн иргэнээ хүртэл тусгай хамгаалалттай газар нутаг гэж юу вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Тусгай хамгаалалтай газар нутгийн хууль 1994 онд батлагдсан. 1992 онд дэлхийн байгаль хамгаалах сангаас эрс тэс уур амьсгалтай, эмзэг нөхцөлтэй, монгол орны хувьд байгаль, дэлхийгээ хамгаалахын тулд тусгай хамгаалалттай газрын сүлжээг бий болгох, хамгаалалттай газруудын хүрээг тэлж улмаар 2030 он гэхэд ийм хамгаалагдсан газар нутгийн хэмжээг 30 хувьд хүргэх тухай чиглэл зөвлөмжийг өгсөн. Эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнгээр ч энэ нь батлагддаг. Ингээд бодохоор тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй нь харагдаж байна.
Тусгай хамгаалалттай газар нутаг гэж ховор, ховордсон ан амьтан, ургамал бүхий газар нутгийг хэлнэ. Тусгай хамгаалалттай газар маань дотроо дөрвөн төрөлтэй байна. Үүнд: дархан цаазтай газар, байгалийн цогцолборт газар, түүхийн дурсгалт газар, байгалийн нөөц газар гэж ангилдаг. Богд хан уулын тухайд 1778 онд дэлхийд анх удаа дархан цаазтай болсон. Энэ ууланд маш олон ховор болон ховордсон ан амьтан, мод, ургамал байдаг. Тэгтэл энэ бүсэд маш олон аж ахуйн нэгж, үйл ажиллагаа явуулж, иргэд олноор амьдарч байна. Хуулиараа бол болохгүй. Хуулиараа бол энэ бүсэд судлах, ажиглах, жуулчлах зэрэг үйл ажиллагаа явуулах учиртай. Өөрөөр хэлвэл зөвхөн ашиглах нөхцөлтэй. Түүнээс эзэмших, өмчлөх эрх хаалттай гэсэн үг. Одоо байгаа нөхцөл яг эсрэгээрээ байна. Зүй нь бол 5 жил үндсэн зориулалтаар нь ашиглаад эргээд байсан ёсоор нь хүлээлгэж өгөх заалттай.
Өндөр хөгжилтэй орнууд газар доорх хотыг илүү
анхааран үзэж бүтээн байгуулдаг
-Зайсангийн олон ам, Зайсан хавь бол Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр. Газар үнэд орж энд тэндгүй газрын асуудал босож ирээгүй байхад эгэл энгийн цөөн айлаас өөр юм энд байгаагүй. Зайсан толгой, Зөвлөлтийн дайчдын сүрлэг хөшөө хотын хаанаас ч харагддаг байсан. Одоо бол олон давхар сүндэрлэсэн барилга, олон байгууллага эргэн тойрон байшин дунд орчихоод Зайсан толгойг олж харахуйяа хэцүү боллоо. Нүүлгэлтэй биш, яах ёстой юм бол? Газрын хуулийг зөрчсэн сонгодог талбар л болоод байна?
-Хан-Уул дүүргийн хамгаалж бас бахархаж байх ёстой газар бол Богд хан уул мөн л дөө. Оршин суугчдаас үл хамааран хөндлөнгийн эрх мэдэл, хууль бус ажиллагаа өнөөдрийн дүр төрхийг бий болгочихлоо. Бидний 20 жилийн өмнө урьдчилан харж чадаагүй хуулийн энэ зүйл заалтуудыг л шинэчлэх хэрэгтэй. Юуны өмнө хилийн цэсийг дахин тогтоох шаардлага гарч байна. Түүнээс хүмүүсийн бүтээсэн энэ их баялгийг нурааж устгаж эрх зүйн хувьд болохгүй. 2002 оны хуулинд орхигдуулсан нэг алдаа бол хариуцлагын асуудал юм. Маш олон байгууллагад эрхийг нь өгсөн. Тухайлбал өнөөдөр сумын бүх засаг дарга газар олгож л байна. Дүүрэг нийслэлийн засаг дарга нар газраа олгосоор л байна. Яам газар олгож л байна. Энэ нь газрын сан нэгдмэл байна гэсэн газрын тухай хуулийг зөрчөөд байгаа юм. Аливаа удирдлага, эрх мэдлийн толгой олшроод байвал өрсөж газар өгөх өрсөлдөөн газар авч, авилга, хээл хахууль дэлгэрч төр, иргэдийн амьдралын үндэс болсон газрын зохисгүй, хууль бус харилцаа тэлээд байгаа байдал нь яван явсаар ийм байдалд хүргэж байна л даа.
Энэ зохисгүй алдааг засахын тулд газар төлөвлөлтийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох, төлөвлөлтийн дагуу газар олгогдохгүй, хэн нэгэн эрх мэдэлтэн дуртай хүн дээ зориулалтыг харгалзахгүй өгдөг байдлыг хуулиар зохицуулах хэрэгтэй. Монгол улсын хэмжээнд 105 тусгай хамгаалалттай газар нутаг байна. Ганцхан Богд Хан уулаар жишээллээ. Бүгдийг нь маш сайн төлөвлөлт хийж, маш сайн менежментээр хамгаалах, ашиглах арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой. Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар мөн л Богд –уултай адилхан. Оршин суугчид нь газраа ашиглах, эргээд өөрсдөө хамгаалах давхар үүрэг, хариуцлага эрх зүйн тогтолцоог нарийсган тогтоож өгөх цаг болсон. Одоогийн нөхцөлд хилийн цэсийг нь тогтоогоод л орхидог нийтлэг дутагдал байсаар байна.
-Бид хоёрын яриа газрын салбарын хууль эрх зүйн талаар эхэлж магадгүй таны ажиллаж, амьдарч буй Дархан цаазтай газар Богд хан уулын хормой, хатан туулын эрэг хөвөө болсон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дээр өрнөөд байна. Нийслэлийн тухайд ихээхэн онцлогтой бүс л дээ. Энэ бүхнийг цэгцэлж, төлөвлөлтөнд суурилсан зөв менежмент хийх зайлшгүй шаардлага урган гарч байна гэж таны ярианаас ойлголоо. Нийслэлийн газар төлөвлөлтийг та мэргэжлийн хүн, салбарын эрдэмтний хувьд юу гэж боддог вэ?
-Юуны өмнө энэ асуудлыг цогцоор нь харж, системтэй шийдвэрлэх хэрэгтэй. Хэсэг хэсгээр нь таслаад зөвхөн газар олголтоор ч гэдэг юм уу, зөвхөн хамгаалах асуудлаар хашиж хамгаалаад гэж туйлширч болохгүй. Бүхий л талаас нь харж нийгэм, эдийн засгийн шийдлийг хамтад нь тусган шийдвэрлэхэд анхаарлаа хандуулах нь зөв гэж бодож байна. 2002 оны газар өмчлөлийн хуулийг аваад үзвэл хоёр талтай. Нэг талаас нь харвал, иргэнээ өмчтэй болгосон, иргэндээ газрыг өмчлүүлсэн, баталгаажих хөрөнгөтэй болж байна гэдэг нь сайн талтай. Тэгтэл энэ их замбараагүй газар олголт маань хотын өргөжин тэлэхэд саад болж байна. Нөгөө л утаа, бохирдол, түгжрэл эндээс үүдэлтэй. Төр эргээд хотоо хөгжүүлэхийн тулд өмчилсөн иргэнээсээ маш өндөр үнээр газраа эргүүлэн худалдан авч байгаа нь дахин төлөвлөлтийн асуудлыг ч хүндрүүлж байна.
Хүмүүс хот ямар сайхан байв аа, тэр хороолол, энэ 120 мянгат, тэр Зайсан гээд. Цахим ертөнцөд зураг хөргийг нь тавиад л байна. Энэ бол төлөвлөлтөнд суурилсан хотын хөгжлийн дүр төрх байсан юм. Тэгтэл бид сүүлийн 30 жил ийм төлөвлөлт хийлгүй дураараа загнаад хотоо бүслээд л гэр хороолол бий болгосон. Төлөвлөлт гэдэг бол зам байх газар нь замаа, сургууль байх газар нь сургуулиа, худаг байх газар нь худгаа барих тийм нарийн төлөвлөлт юм. Ингэж чадаагүйгээс нийгмийн шаардлага гараад ирэхээр сургууль барих гэдэг газар байхгүй, эмнэлэг барих гэтэл газар байхгүй. Үүсэж байгаа асуудлыг дахин төлөвлөлт нэрээр иргэдээс эргүүлэн газар чөлөөлүүлж худалдан авах арга замыг сонгохоос өөр гарцгүй. Энэ нь амьдрал дээр бараг тэр сургууль, эмнэлэг барих зардлаасаа ч илүү хөрөнгө зарж газар олж авч байна. Энэ нь төлөвлөлтгүй газар олголт, эмх замбараагүй суурьшил бий болсонтой холбоотой.
-Миний бодохоор хот бол мод шиг юм. Хоёр тийшээ хөгждөг. Хүмүүс хөрсөн дээр байгаа хотыг л анзаарахаас хотын зүрх болсон хөрсөн доорх хотын тухай ойлголт муутай байдаг. Газар ашиглалт төлөвлөлийн асуудалд газар доорх энэхүү “судас” болсон хотын хөгжил ихээхэн үүрэгтэй байх даа.
-Тантай зуун хувь санал нэг байна. Мод бол үндсээрээ дамжуулан шим тэжээлээ авч дээшээ ургаж мөчир нахиагаа дэлгэн томордог. Хот үүнтэй адилхан газар доорх хотоосоо ус, дулаан, эрчим хүчээ хүртэл авч хөгждөг. Энэ бүхэн нь байхгүй бол зоорь гараашаас ч доор шавар оромжууд л болох байсан. Тэгтэл газар доорх хот нь газар дээрх хотынхоо амьсгал нь зүрх нь болсоор байна. Тэгвэл бид энд яаж анхаарч байна. Үүнийг харгалзан үзээгүйгээс зассан зам, барьсан барилгаа эргүүлэн нураахад бэлэн байна. Нураасаар ч байна. Мөн л төлөвлөлтийн алдаа. Өндөр хөгжилтэй орнууд болон газар нутаг багатай орнууд газар доорх хотыг илүү анхааран үзэж байгуулдаг. Ингэснээр газар дээрх хотын төлөвлөлт хөгжилд урагштай зөв шийдлүүд гарч эргэн давтах алдаанууд багасдаг.
Манайд мөн л газар доорх хот нь газар дээрх хоттойгоо уялдаа муутай. Дулаан нь нэг яаманд, цахилгаан нь нэг яаманд гэхчилэн олон эрх мэдлийн хүрээнд шийдэгддэг. Хөгжилтэй орнуудад бас Хонгилын хот гэж бүтээн байгуулалт бий болсон байдаг. Энэ нь мөн газрын доорх бүтээн байгуулалтын асуудал тул газартай холбоотой. Иймд аль ч талаасаа хотын хөгжил нь газартай шууд холбоотой. Газар зохион байгуулалт төлөвлөлт нь газрын тухай хуулинд яв цав нийцэж байж сая зөв төлөвлөлт, хотын зөв хөгжил бий болно. Цогцоор нь шийдэх, системтэй авч үзэх нь шинжлэх ухаанч, алсын хараатай менежмент гэдгийг л бодох хэрэгтэй.