Шинэ парламентын гишүүд хонох шахам хуралдаж байж эхний ээлжит бус чуулганыхаа ард гарлаа. Хоёр долоо хоног үргэлжилсэн эл чуулганаар хууль, УИХ-ын тогтоолын төслүүд болон Ерөнхийлөгчийн хориг гээд нийт есөн асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгаас бусдыг нь батлав. Мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад байгаагүй хоёр асуудлыг хэлэлцэн, нэгийг нь баталж, нөгөөг нь буцаасан юм. Тодруулбал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг санаачлагчид нь буцааж, Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагыг шинэчлэв.
Уг нь ээлжит бус чуулганд хэн дуртай нь хууль, тогтоолын төсөл өргөн барьж, хэлэлцүүлдэг юм биш. Хэлэлцэх асуудал, хуралдах өдөр, цаг, үргэлжлэх хугацааг нь хүртэл УИХ-ын дарга нарийвчлан товлож, захирамж гаргадаг. УИХ-ын даргын захирамжийг л удирдлага болгодог гэсэн үг. УИХ-ын тухай хуулийн 19.5-д “Ээлжит бус чуулганаар зөвхөн УИХ-ын даргын захирамжид заасан болон түүнтэй шууд холбоотой асуудлыг хэлэлцэнэ” хэмээн заасан. Гайхалтай нь, дээрх хоёр асуудлын аль нь ч УИХ-ын дарга Г.Занданшатарын гаргасан захирамжид заасан төслүүдтэй шууд бусаар холбоотой гэхэд ч хэцүү. Тэгвэл тэдгээрийг яаж гэж хэлэлцэв?
2020.08.25. Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барив
ШҮҮЛТҮҮР ДАВААГҮЙ ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬ
Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн сарын 25-ны үдээс хойш Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар УИХ-д өргөн барьсан бөгөөд тэр өдрийнхөө орой буюу нар жаргасан хойно Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн. Харин нөгөөдөр нь нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед хэд хэдэн гишүүн эсэргүүцснээр Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаасан юм. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй энэ төслийг хэний захиалгаар гэнэт оруулж ирээд, яаралтай хэлэлцэх болов гэдгийг байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны үеэр гишүүн Б.Энхбаяраас өөр хэн ч асууж, тодруулаагүй. Гаргасан захирамжнаасаа гажих ёсгүйг мэдсээр атал УИХ-ын дарга Г.Занданшатар уг төслийг үг, дуугүй хэлэлцүүлсний учир юу байв.
Дээд шүүхийн шүүгч өөр танхимын шүүн таслах ажиллагаанд оролцохыг хориглодог. Тэгвэл Дээд шүүхийн танхимын бүрэлдэхүүнийг батлах, шүүгч хүрэлцэхгүй тохиолдолд танхим хооронд томилох эрхийг ерөнхий шүүгчид олгохоор уг төсөлд тусгасан байв. Эл нэмэлт, өөрчлөлтийг баталбал шүүн таслах ажиллагаа тасралтгүй, хэвийн үргэлжилж, шүүгч хүрэлцэхгүйн улмаас үүдэлтэй хүндрэлийг шийдвэрлэнэ гэж үзэж буйгаа сайд Х.Нямбаатар болон Дээд шүүхийн төлөөлөл тайлбарласан. Тэд уг төслийг сая өргөн бариагүй, бүр 2019 оны намар бэлэн болсон ч Шүүхийн тухай багц хуулийн төслийн хүрээнд хэлэлцэнэ гээд хойш тавьсныг учирлана лээ. Гэвч хэлэлцээгүй учраас дахин хугацаа алдаж, ирэх намрын чуулганыг хүлээлгүй, ээлжит бус чуулганд өргөн барьсан аж. Сайд Х.Нямбаатарын хэлснээр, Шүүхийн тухай багц хуулийг шинэчлэн батлах хүртэл уг зохицуулалтыг хэрэглэх юм гэсэн.
Үнэхээр ч Шүүхийн тухай багц хуулийн төслийн хоёр ч хувилбарыг УИХ-д өргөн барьсан. Нэгийг нь өмнөх Засгийн газраас, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, нөгөөг нь Ерөнхийлөгч Х.Баттулга санаачилж, УИХ-д хүргүүлсэн юм. Өнгөрсөн хавар шилээ даран парламентад ирсэн эдгээр төслийг нэгтгэн хэлэлцэх боломжтой ч Засгийн газрын зүгээс татгалзаж, тус тусад нь ярьж эхлээд байгаа. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар, санаачлагчид нь зөвшөөрсөн тохиолдолд ижил төслүүдийг хамтатган хэлэлцэх боломжтой. Юутай ч суурь хуулиа багцаар нь шинэчлэх гээд нэг бус хувилбар өргөн барьчихаад байхад ээлжит бус чуулганаар ийм төсөл зүтгүүлсэн нь хардахад хүргэв бололтой. Уг нь Ерөнхийлөгч болон Засгийн газраас өргөн барьсан Шүүхийн тухай багц хуулийн төслийг ирэх намрын чуулган хүртэл нэлээд “нухаж”, нэгтгэх юм билээ. УИХ-ын дарга захирамж гарган, хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг шинээр байгуулсан гэсэн.
Нөгөө талаас гэвэл жилийн өмнө хүрэлцээгүй, хагас дутуу байсан шүүх бүрэлдэхүүнийг өнөө хэр яагаад бүрэн болгож чадаагүйг асуумаар байна. Хуулийг нь яаран сандран өөрчилж, Дээд шүүхийн танхим хооронд шүүгчдийг нь “гүйлгэхээр” санаархахын оронд Шүүхийн ерөнхий зөвлөл сонгон шалгаруулалт зарлаж, сул орон тоог нь яагаад нөхөж болоогүй гэж. Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим жилийн өмнө л таван шүүгчтэй байсан. Өнөөдөр ч байх ёстой найман шүүгчээс нь гурав дутуу хэвээрээ. Шүүгчдийг сонгон шалгаруулж, Ерөнхийлөгчөөр томилуулах нь хууль өөрчлөн батлахаас хэцүү гэж үү.
Тэгээд ч өнгөрсөн хугацаанд ярьж, хэрэгжүүлэхийг зорьж ирсэн энэ эрх мэдлийн шинэчлэл нь шүүхийг дагнан байгуулах, шүүгч нарыг нь мэргэшүүлэх агуулгаар баяжиж ирсэн. Харин сая зүтгүүлсэн төсөлд тусгаснаар бол Дээд шүүхийн Эрүүгийн, Иргэний болон Захиргааны хэргийн танхимын шүүгч нар шаардлагатай тохиолдолд нэмэлт хүч болон өөр чиглэлийн хэрэг шийдвэрлэж болохоор байв. Юутай ч цөөн боловч гишүүд хүчтэй эсэргүүцсэнээр эл төслийг буцаалаа.
2020.08.28. Баруун гар талаас СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир
СЕХ-НЫ УДИРДЛАГЫН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААГ ДУУСГАСАНГҮЙ
УИХ-ын 2020 оны сонгуулиас хойш Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагыг ажлаа өгөхийг Ерөнхийлөгч Х.Баттулга болон улс төрийн зарим хүчний зүгээс шаардаж байснаас бус ээлжит бус чуулганаар “аваад хаячихна” чинээ хэн ч санаагүй биз ээ. Сонгуулийн төв байгууллагын удирдлага, зарим гишүүнийг чөлөөлж, шинээр томилох саналыг өнгөрсөн баасан гарагт буюу ээлжит бус чуулган өндөрлөх өдөр хэлэлцэн баталсан юм. Уг нь Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан нарын бүрэн эрхийн хугацаа 2021 оны эхээр дуусах байв. Тэднийг хамгийн ихээр “ад үзэж” байсан Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Д.Даваа-Очирыг нэр дэвшүүлэн томилуулсан бөгөөд тэрбээр Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар ажиллах нь. 2021 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулах гол ажлыг өнөөгийн Төрийн тэргүүний тун ойрын хүн нь хариуцна гэсэн үг. Өнгөрсөн хавар Д.Даваа-Очирыг Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын даргад нэр дэвшүүлж байсан юм.
Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага сайн, муу ажилласан гэж дүгнэх гээгүй ч хуулиар олгосон бүрэн эрхийн хугацаа нь хараахан дуусаагүй байхад ээлжит бус чуулганаар гэнэт “оруулан” чөлөөлсөн нь эрхбиш нэгийг бодогдуулж буй болов уу. Тангаргаа өргөөд тун удалгүй ээлжит бус чуулгантай нүүр тулсан, туршлага багатай шинэ гишүүдийг эрх бүхий албан тушаалтан, аль нэг байгууллага элэг барьж, хүссэн хууль, шийдвэрээ гаргуулах гэсэн юм биш биз гэсэн хардлага дээр, дооргүй бий.