Наймдугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын дахин нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдэж PCR шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан гэж ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах мэдээллээ.
Мөн тэрбээр "Он гарсаар манай улсад тарваган тахлын 13 тохиолдол сэжигтэй бүртгэгдсэн. Үүнээс дөрвөн тохиолдлын онош батлагдсан. Батлагдсан тохиолдлуудаас Говь-Алтай аймагт 16 настай хүү, Ховд аймагт 42 настай эрэгтэй амиа алдсан харамсалтай явдал тохиосон. Тарваган тахлын батлагдсан тохиолдлуудын 50 хувь нь нас барсан аймшигтай явдал болчихоод байхад иргэд өчүүхэн ч цочирдохгүй байгаа нь харамсалтай байна.
Тиймээс иргэд сонор сэрэмжтэй байж, тарваганы түүхий эд эрхтэн худалдан авахгүй, тээвэрлэхгүй байх хэрэгтэй. Ялангуяа жолооч нар ачаа, тээш авахдаа онцгой анхаарч шалгах шаардлагатай” гэлээ.