Зочид буудлын орон доогуур хэрэглэсэн бэлгэвч, гандсан дотуур хувцас байжээ.
Хилийн чанадаас эх орондоо ирсэн иргэд тусгаарлах байрны орчин, хоол, үйлчилгээг шүүмжилсээр байна. УОК-ын шийдвэрээр энэ сарын 18-нд Замын-Үүдийн боомтыг түр нээж, БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 150 гаруй иргэнээ өнөөдрийг дуустал хил нэвтрүүлнэ. Тус боомтоор орж ирсэн эхний ээлжийн хүмүүсээс заримыг нь Дорноговь аймгийн Сайншанд сумын “Маргад” зочид буудалд тусгаарласан аж. Тус зочид буудлын орчин, нөхцөлийг иргэд бас л шүүмжилж эхлэв. Нэгэн иргэн “Бид энэ сарын 18-нд БНХАУ-аас эх орондоо ирээд “Маргад” зочид буудалд тусгаарлагдсан. Маяглаж, цамаархлаа гэж бүү бодоорой. Буудлын өрөөнүүд хэтэрхий бохир байна. Хэрэглэсэн бэлгэвч, гандсан дотуур хувцас хүртэл гарч ирсэн. Жоомтой, бохирын эхүүн үнэр ханхалж байгаа газарт орчны эрүүл ахуйн тухай ярих илүүц биз. Эл буудалд жирэмсэн, хоёр сартайгаас 13 хүртэлх насны 11 хүүхэд тусгаарлагдсан. Халдвар, хамгааллын дэглэмийг бодсон ч ариутгал, цэвэрлэгээ хийсэн газарт тусгаарлах ёстой. Онцгой байдлынхан болон эрүүл мэндийн ажилтнуудтай холбогдож чадахгүй байна. Буудлын ажилчдаас өрөөг цэвэрлэж өгөхийг хүстэл дотогш орох боломжгүй гэсэн. Та бүхэн энэ асуудлыг холбогдох албаныханд уламжилж өгөөч” хэмээв.
Бэлтгэсэн: Ц.Ундрах