Үрэвслийн эбселен эм шинэ төрлийн коронавирустэй тэмцэх боломж олгох гэнэ. Компьютерын загварчлалаас үзвэл коронавирус үржихэд гол үүрэг гүйцэтгэдэг “Mpro” ферментэд уг эм үйлчилснийг АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор Хуан де Пабло тэргүүтэй эрдэмтэд тогтоожээ. Тиймээс эл бэлдмэлийг шинэ өвчний эсрэг эм бүтээхэд ашиглаж болох аж.
ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага, ЭМЯ-наас дунд сургууьд мөрдөх зөвлөмж гаргажээ. Үүнд ирэх сарын 1-нд сургуулийн нээлтийн болон олныг хамарсан ажиллагаа хийхгүй байх, эцэг, эхчүүд амны хаалт зүүхийг зөвлөсөн байна. Харин эцэг, эх нь зөвлөхгүй бол сурагчид амны хаалт зүүх шаардлагагүй гэжээ. Уг зөвлөмжийн дагуу сургуулиуд өглөө бүр сурагчдын халууныг хэмжинэ. Тэгэхдээ сурагчдыг бөөгнөрүүлэхгүй байх аж. Эрүүл ахуйн шаардлага хангасан тохиолдолд сурагчийн амралт, бямба, ням гараг болон баярын өдрүүдэд хичээлээс гадуурх арга хэмжээ зохион байгуулахыг зөвшөөрчээ.
Ази, Номхон далайн бүс нутагт цар тахал шинэ шатанд шилжсэн бөгөөд тус бүс нутгийн орнууд эдийн засгийн өргөн хүрээг хамарсан тогтворгүй байдлыг багасгах, өдөр тутмын амьдралдаа хэмнэлт хийх арга замыг улам бүр эрэлхийх шаардлагатай байна гэж ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай мэдэгджээ. Мөн хүмүүс өдөр тутмын амьдралын шинэ хэвшил болсон халдвар тархахаас сэргийлэх арга хэмжээгээ мөрдөхийг зөвлөсөн байна. Тус бүс нутагт 40-өөс доош насны хүмүүс халдвар авсан тохиолдлын тоо өнгөрсөн сард эхний давлагааны дөрөв, тавдугаар сарын үзүүлэлтээс бараг хоёр дахин нэмэгдэж, 65 хувьд хүрчээ. Энэ насныханд уг өвчин шинж тэмдэггүй, эсвэл хөнгөн хэлбэрээр илрээд өнгөрч болох ч тэд өндөр настнуудад халдвар тараах өндөр эрсдэлтэй аж.
БНСУ-ын нийслэлд сүмээс үүдэлтэй халдварын тохиолдол буурахгүй, хоногт илрэх халдварын тоо нэмэгдсээр байгаа учир эрх баригчид нь Сөүл хот орчимд урьдчилан сэргийлэх хатуу арга хэмжээ авахаар төлөвлөж байна. Тус улсад өнгөрсөн хоногт шинэ 246 тохиолдол бүртгэгдсэнээс 235 нь дотоодод нь тархсан халдвар байжээ. Өмнөд Солонгост тав дахь хоногтоо халдварын тохиолдол гурван оронтой гарсан байна. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт 103 тохиолдол илэрсэн бол бямбад 166 бүртгэгджээ. Харин ням гарагт 279 тохиолдол илэрсэн нь гуравдугаар сараас хойш анх удаа 200 давсан өндөр үзүүлэлт болжээ.