Монгол эрдэмтэд шинэ төрлийн короновирусийн эсрэг бие илрүүлэх оношлуур бүтээсэн. Академич Ц.Оюунсүрэн, доктор Д.Гантулга нарын удирдлагаар Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори, ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, МУИС-ийн Биологийн тэнхимийн эрдэмтдийн хамтарсан баг уг оношлуурыг бүтээсэн юм. Одоогоор оношлуураа 10 хүнд туршихад сайн үр дүн гарсан бөгөөд цаашид дотооддоо олноор үйлдвэрлэж, ашиглах бүрэн боломжтойг ШУА-иас мэдээлсэн. Гэхдээ үйлдвэрлэж, ашиглахад хөрөнгийн дэмжлэг хэрэгтэй учир эл асуудлаа шийдүүлэх хүсэлтээ холбогдох албаныханд тавьсан байна. БШУЯ, ЭМЯ хамтран үүнийг үе шаттайгаар шийдвэрлэхээр төлөвлөсөн гэнэ.