Домогт сагсан бөмбөгч К.Брайант энэ оны нэгдүгээр сарын 26-нд нисдэг тэрэгний ослоор амь үрэгдэхээсээ 10 хоногийн өмнө “USA today sports” вэб сайтын сэтгүүлч М.Мединад ярилцлага өгчээ. Тэрбээр “Мамба спортс академи”, “Granity” компани болон NBA-д авсан оноогоор өөрийг нь гүйцэж түрүүлсэн Л.Жэймс зэрэг олон сэдвийг хөндөн ярьсан байна. Кобигийн сүүлчийн ярилцлагын сонирхолтой хэсгээс товчлон сонирхуулья.
-“Dear Basketball” богино хэмжээний кино нь Оскар, Эмми, Аннии зэрэг хүндтэй шагнал хүртсэнийг NBA-д үзүүлсэн амжилттай харьцуулвал:
-Миний хувьд энэ бүхэн тун онцгойд тооцогдоно. Ийм зүйл болно гэж төсөөлж байгаагүй болохоор тэр. Хүүхэд байхдаа харин аварга болно гэх мэт олон зорилго өмнөө тавьдаг байлаа. Харин одоо ажиллаж байгаа салбараа бодож үзвэл Оскар авна гэж би лав төсөөлж ч байгаагүй.
-NBA-г орхиод Коби ямархуу байдалд орно гэж хүмүүс бодож байсан талаар:
-“Зодог тайлаад юу хийхийг чинь би мэдэхгүй байна”, “Чи нэг хэсэгтээ л депресст орно доо”, “Өөрийгөө хэн болохыг тодорхойлох амаргүй үеийг туулна” гэх мэтээр ярьж байсан. Тэд миний төлөө үнэхээр санаа зовж байсан болохоор л ингэж хэлж байсан гэж боддог. Шилжилтийн үеийг давж, одоо ийм зүйлс хийгээд явж байгаа нь сайхан хэрэг юм даа.
-Таны хүслийн жагсаалтад одоо юу байна вэ?
-Бидний дараагийн сорилт бол номоо гаргах, тэдгээрийг кино болгоход чиглэж байна. Заримыг нь анимэйшн, заримыг нь лайв-акшн кино болгоно. Энэ бүхнийг хэрхэн хийхийг тодорхойлохын зэрэгцээ оюуны бүтээл эзэмших нь асар чухал гэдгийг ойлгох ёстой боллоо. Энэ л бидний хувьд сорилт болж буй. Ийм аялал тун сонирхолтой боловч бүх зүйл миний хүссэнээр хурдан явагдахгүй байгаа учраас заримдаа маш цөхөрдөг. Гэхдээ цаашдаа бүтнэ гэж найдаж байгаа.
-NBA болон “Лейкерс” багт ажиллахаас татгалзсан талаар:
-Хийж байгаа зүйлээ маш их сонирхох нь чухал. Би юу хэлэх гээд байна вэ гэвэл хийж буй зүйлдээ хайртай байх хэрэгтэй. Би түүх өгүүлэх дуртай. Хүүхдүүдэд урам зориг өгөх эсвэл тэдэнд хэрэг болох зүйлийг бий болгох дуртай. Тийм учраас NBA-д ажиллах саналаас татгалзсан.
-Охин Жианна болон бусад охидыг дасгалжуулж буй талаар:
-Сагсан бөмбөгөөс ч чухал зүйл юу вэ гэвэл эдгээр охин спортоор хичээллэснээр өөртөө итгэх итгэл нь асар ихээр нэмэгдэж байгааг нь ойлгох явдал. Үүнийг маш анхаарах хэрэгтэй. Сэтгэл зүйн хөгжилд нь тус болж байгаа учраас хүүхдийн спортын багийг дасгалжуулахдаа энэ талыг нь нухацтай, буурь суурьтай авч үзэх ёстой гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, хэт шүүмжлэхгүй байж, тэднийг алдана гэдгийг нь ойлгох хэрэгтэй. Анхандаа тэд илүү алхаж, эсвэл өөр буруу зүйл хийдэг байсан. Гэхдээ хүүхдийн өөртөө итгэх итгэлд нөлөөлж магадгүй учраас түүнийг нь онцолж, хэт шүүмжилж болохгүй. Ерөөсөө алхам алхмаар л ахих хэрэгтэй. Тэдний сайжрахыг харах үнэхээр сайхан.
-NBA-ийн онооны жагсаалтад Л.Жэймс өөрийг нь гүйцэж түрүүлж байгаад яагаад гомдолтой биш байгаа тухай:
-Ингэх нь тэнэг хэрэг. Тамирчин байлаа, мундаг замналын эзэн боллоо. Дээд амжилтаа эвдүүлэх хүсэлгүй, эсвэл бусад хүн чамаас илүү гарахыг хүсдэггүй иймэрхүү өрвөлзсөн, сөргөлдсөн зан гаргахыг хүмүүс үнэхээр хүсдэг, эсэхийг би мэдэхгүй. Залгамжлагч чинь чамаас илүү амжилтад хүрч байгааг хараад баярлах хэрэгтэй.
-Зодог тайлсны дараа үеийн талаар
-Үнэхээр сайхан байгаа. Гэр бүлтэйгээ маш олон цагийг өнгөрүүлэх мөн цагийн хуваариа өөрөө хянах боломжтой болсон.
Харин ажлын хувьд хамгийн том сорилт бол бидний бүтээж буй ертөнцөд ажиллах хүсэлтэй чадварлаг уран бүтээлчдийг олоход оршиж байсан. Эхний хэдэн түүхийг бий болгож, хүмүүст таниулах нь эн тэргүүний зорилт байлаа. Уран бүтээлчид бидний бий болгохыг хүсэж буй зүйлийг бүрэн ойлгоход хэцүү байсан учраас миний хувьд санаагаа тэдэнд ойлгуулах шаардлага гарсан.
Бэлтгэсэн: Э.Манлайбаатар