Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн ачааг шууд олгохгүй, ариутгаж, халдваргүйжүүлсний дараа эздэд нь хүлээлгэн өгч буй. Коронавирус эд зүйлсээр дамждаг, ялангуяа хатуу гадаргууд удаан хадгалагддаг тул дээрх арга хэмжээг авч шинэ өвчнөөс сэргийлж буй юм. Гэтэл тусгай үүргийн онгоцоор ирсэн зарим зорчигч “МИАТ компани зорчигчдын ачаанаас эд зүйл хулгайлдаг” гэсэн утга бүхий мэдээлэл олон нийтийн сүлжээнд бичих болсон нь ташаа гэдгийг тус компаниас мэдээлэв. Тус компанийнхан шалгалт явуулахад иргэдийн бичсэн шиг зөрчил илрээгүй, түүнчлэн нэг ч иргэн Үйлчилгээний чанар, стандартын хэлтэст нь ачаа тээш, алга болсон, гэмтсэн тухай гомдол гаргаагүй байж. Тус компаниас “Зорчигчдын ачаа тээшийг Буянт-Ухаа дахь Гаалийн газрын харьяа баталгаат агуулахад 24 цагийн камерын хяналтад хадгалдаг. Тиймээс иргэд шаардлагатай тохиолдолд хянаж шалгах бүрэн боломжтой. Хэрэв ачаа тээш алдагдсан болон эвдэрсэн гэх гомдол байвал 70049967 дугаарын утсаар мэдэгдээрэй” гэв.