Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Дэлхийн 216 улс, бүс нутагт коронавирусийн халдвар бүртгэгдсэн бөгөөд нийт 20,226,094 хүн өвчилж, 13,313,723 хүн эдгэрэн, 741,113 хүн нас бараад байна.
Сүүлийн 24 цагийн дотор 216 мянган хүн шинээр халдвар авч дөрвөн мянга гаруй хүн энджээ.
ДЭМБ-ын яаралтай тусламжийн гүйцэтгэх захирал Майкл Райан өчигдөр “Коронавирус тархигүй ч хүний биед орж олон хүнийг өвчлүүлж байгаа тул зөвлөмжийг сахиж, дархлаагаа дэмжих замаар тархалтыг зогсоох боломжтой” хэмээн хэлсэн.
ОХУ-д 24 цагийн хугацаанд 4,945 хүн өвчилж, 130 хүн эндсэн бол БНХАУ-д 61 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Япон улсад өвчлөл өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа бөгөөд өчигдөр 700 хүн шинээр өвдөж, 5 хүн нас барсан.
Шинэ Зеландад 102 хоногийн дараа дотооддоо халдвар алдсан эхний тохиолдол бүртгэгдлээ. Хүн амын дунд халдвар тараагүй гээд тайвширч болохгүйг дэлхийн бусад улсын жишээнүүд харуулж байна.
Манай улсын хувьд 420 шинээр ажиглалтад орж, 310 иргэн гэрийн тусгаарлалтад шилжив. Харин 3342 хүн тусгаарлалтад байгаа" гэв.