ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр, "Өчигдөр нийт 504 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.
Эдгээр шинжилгээг задалж хэлбэл, Долдугаар сарын 27-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 266 хүний давтан шинжилгээ, долдугаар сарын 22-нд Австралийн онгоцоор ирсэн Оюутолгойн 48 ажилтны шинжилгээ, ажиглах байруудад ажиллаж байсан эмч, эмнэлгийн 32 ажилтны шинжилгээ, эдгэрээд сувилалд тусгаарлагдаж буй 43 хүний давтан шинжилгээ, Тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан зургаан хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 28 жолоочийн шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирж, Дархан, Орхон аймагт тусгаарлагдсан 70 хүний шинжилгээ,Сэлэнгэ, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээ багтаж байна.
Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн 293 тохиолдол байгаагаас 263 нь эдгэрсэн. Эдгэрсэн хүмүүсээс 44 нь сувилалд, 26 нь гэртээ тусгаарлалтад байгаа бол 193 хүний ажиглалт тандалтын хугацаа нь дууссан. Одоогоор ХӨСҮТ-д нийт 52 хүн тандалт тусгаарлалт, эмчилгээнд байна. ХӨСҮТ-д тусгаарлагдан хэвтэж буй нэг хүний биеийн байдал маш хүнд эрчимт эмчилгээний тасагт байна” гэв.