Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Дэлхий даяар 20 сая хүн өвчилсөн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 253 мянган хүн халдвар авч, 5000 гаруй хүн эндсэн байна.
Цар тахлыг амжилттай давахын тулд хоёр алхам хийх шаардлагатай гэж үзэж байна. Нэгдүгээрт тухайн улсын Засгийн газар сайн ажиллах, хоёрдугаарт иргэд амьдралын шинэ хэв маягт шилжих хэрэгтэй юм. Улс орнууд сургуулийг дахин нээх үед халдвар дахин гарахаас урьдчилан сэргийлэхийг зорьж байна.
Япон улсад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 800 гаруй тохиолдол илэрч, 5 хүн нас баржээ. ОХУ-д 10-р сард хоёр дах давалгаа эхэлнэ гэж анхааруулжээ.
Манай орны хувьд тусгаарлалтад шинээр 63 хүн орсон. Цэргийн төв эмнэлэгт нэг хүн биеийн байдал хүндэвтэр байна" гэв.