Тусгаарлах байрнуудад өчигдрийн байдлаар 289 хүн нэмэгдэж, 26 иргэн ажиглалтаас гарснаар одоо байгаа нь 3358 болов. Цэргийн төв эмнэлэгт 79 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас гурван хүний биеийн байдал хүндэвтэр, Эрчимт эмчилгээний тасагт байгаа аж. ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сүүлийн арав гаруй хоногт коронавирусийн халдварын тархалт улс орнуудад эрчимжлээ. ОХУ-д өчигдөр 5180 хүн “Ковид-19”-өөр өвчилж, 77 хүн эндсэн бол Японд халдвар улам хүрээгээ тэлсээр. Олон улсын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар, тухайн орны нийт хүн амын 60-70 буюу нарийвчилбал, 66 хувьд нь коронавирусийн эсрэг дархлаа тогтсон тохиолдолд л халдварын хоёр дахь давлагааг хохирол багатай туулна гэж мэдээлсэн. Одоогоор хүн амынх нь дунд ийм өндөр дархлаа тогтсон улс нэг ч байхгүй. Халдварын тархалт өндөртэй хойд хөршид л гэхэд нийт хүн амынх нь 20, германчуудын 14 хувьд нь дархлаа тогтсон байж магадгүй хэмээн таамаглаж байна. Мөн АНУ-ын Вашингтон мужийн нэгэн сургуулийн багш, сурагч олноор коронавирусийн халдвар авчээ. Үүнийг сургуулийн орчинд амны хаалт зүүгээгүйтэй холбон тайлбарласан. Манайд хичээлийн шинэ жил удахгүй эхлэх тул эцэг, эхчүүд хүүхдүүддээ амны хаалт зүүлгэж хэвшүүлэхийг уриалж байна” гэв.