ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр, "Өчигдөр нийт 621 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Эдгээр шинжилгээг задалж хэлбэл, Наймдугаар сарын 9-нд УБ-Франкфурт чиглэлийн онгоцоор ирсэн 260 хүний шинжилгээ, Дархан-Уул аймаг, ХӨСҮТ, бусад ажиглах байранд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн 30 ажилтан, Алтанбулагийн боомтоор орж ирж, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 36 хүний шинжилгээ, Алтанбулагаар орж ирсэн ачаа тээврийн 16 хүний анхны шинжилгээнд коронавирус илрээгүй. Долдугаар сарын 21-нд Токио-УБ чиглэлийн онгцооор ирсэн 262 хүний давтан шинжилгээ, тусгаарлах байранд байгаа 5 хүний давтан, Цэргийн төв эмнэлэгт байгаа 11 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын батлагдсан 293 тохиолдол байгаагаас 263 нь эдгэрсэн. ХӨСҮТ-д 30 хүн байна. Биеийн байдал хөнгөн. ХӨСҮТ-д тусгаарлан ажиглалтад байгаа нэг хүний биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт байна" гэв.