Европын Холбоо Хонконгийн эсрэг шинээр хязгаарлалтын арга хэмжээ авсныг Хятад улс эрс эсэргүүцжээ. БНХАУ-ын Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурал Засаг захиргааны онцгой бүсэд үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг баталсны дараа Европын холбоо Хонконгийн эсрэг шинээр хязгаарлалтын арга хэмжээ авсан нь манай улсын дотоод хэрэгт шууд хөндлөнгөөс оролцож буй хэрэг юм гэж БНХАУ-ын эрх баригчид үзэж байгаа тухай Хятадын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбинь мэдэгдэв. “Хонконг бол Хятадын нэг хэсэг учир нэг ч улс Хонконгийн хэрэгт хөндлөнгөөс оролцох эрх байхгүй. Европын холбооноос авч буй зохих арга хэмжээнүүдийг дипломат үйл ажиллагаа, олон улсын эрх зүйн үндсэн хэм хэмжигдэхүүнийг зөрчиж буй явдал гэж үзвэл зохистой юм. Үүнтэй холбогдуулан Хятадын тал эрс эсэргүүцлээ илэрхийлж байна” хэмээн тэрбээр онцолжээ. Дээрх үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг баталсантай холбоотойгоор хариу арга хэмжээ болгож Хонконгт нийлүүлдэг технологийн экспортыг хязгаарлахаар болсон тухайгаа Европын Зөвлөл Мягмар гарагт /2020.07.29/ мэдэгдсэн юм. Хязгаарлалтад тухайлбал тагнан мөрдөх, дотоод мэдээллийг замаас нь авах зэрэг зүй бусаар ашиглаж болзошгүй хэмээн сэжиглэх үндэслэлтэй технологийн төрлүүд орсон аж